Ирэх 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд зохиогдох “Милан-Кортино” өвлийн олимпын наадамд нийт 2900 гаруй тамирчин 16 спортын төрлөөр 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тэгвэл Монгол Улсаа төлөөлж өвлийн олимпод нийтдээ гурван тамирчин оролцохоор болж, эрхээ баталгаажуулжээ. Тодруулбал, Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авчээ.
Дурдвал, Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын дотор байгууламж дахь цанын баазад зохион байгуулагдсан дөрвөн гараатай олон улсын тэмцээнд зургадугаар байр эзлэн 88.55 оноо, долдугаар байр эзлэн 94.94 оноо тус тус авч, 2026 оны олимпын эрхийн таван гарааны дундаж оноо 120 онооноос доош байх шаардлага болзлыг биелүүлж 108.18 онооны дунджаар “Милан-Кортина-2026” өвлийн XXV дахь удаагийн олимпод оролцохоор болж, түүхэн амжилт үзүүлсэн юм. Ийнхүү Монгол Улсаас “Милан-Кортина-2026” өвлийн олимпод нийтдээ 3 тамирчин оролцохоор болж, эрхээ баталгаажууллаа.
Үүнээс өмнө гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар олимпын эрхээ аваад байсан билээ.
Энэ жилийн өвлийн олимп зөвхөн хоёр хотод биш, Италийн хэд хэдэн үзэсгэлэнт бүс нутаг, хотуудад зэрэг явагдах болсныг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байсан. Дурдвал,
Антолз/ Антэрсэлва: Биатлон, гүйлтийн цана
Бормио хот: Уулын цана, Альпийн цана
Кортина Д’Ампеццо: Бобслей, Кёрлинг, Уулын цана, Скелетон, Люж чарга
Ливиньо: Чөлөөт цана, сноуборд
Милан: Хоккей, уран гулгалт, тэшүүр, шорт трек
Трентино: нордик хосолсон, гүйлтийн цана
Верона: Олимпын наадмын нээлт болон хаалт хийгдэхээр болжээ.