АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг үргэлжлүүлэх асуудлаар Төлөөлөгчдийн танхимд санал хураахаас өмнө Сангийн яамны бондын өгөөж буурснаас үүдэн алтны үнэ өнгөрсөн лхагва гарагт хоёр хувиар өсжээ.
Шатдауныг зогсоосноор эдийн засгийн статистик мэдээллийг танилцуулах үйл явц сэргэж, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлалыг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Тодруулбал, алтны спот үнэ хоёр хувиар өссөнөөр нэг унц нь 4208.98 ам.долларт хүрсэн нь аравдугаар сарын 21-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн арванхоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 2.4 хувиар өсөж, унц нь 4213.60 ам.долларт хүрснээр лхагва гарaгийн арилжаа хаагджээ.
Түүнчлэн мөнгөний спот үнэ 4.6 хувиар өсөж, унц нь 53.58 ам.доллар болсон нь аравдугаар сарын 17-ноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн цагаан алтны үнэ хоёр хувиар өссөнөөр 1616.80 ам.доллар, палладийн үнэ 2.5 хувиар өсөж 1480.58 ам.долларт тус тус хүрсэн байна. “CME Group”-ийн “FedWatch” хэрэгслийн мэдээллээр, Холбооны нөөцийн сангийн арванхоёрдугаар сарын хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулах магадлал 65 хувьтай байна.