Дональд Трамп BBC-гийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь хэлсэн үгийг засварлаж цацсантай холбогдуулан BBC корпорацын эсрэг ирэх долоо хоногт хуулийн арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

Тус корпорац болсон хэрэг явдалд уучлал хүссэн боловч нөхөн төлбөр олгохоос татгалзсан юм.

Доналд Трамп өнгөрсөн баасан гаргийн орой “Air Force One” онгоцонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, "Бид ирэх долоо хоногт шүүхэд хандаж, тэднээс 1-ээс 5 тэрбум ам.долларыг нэхэмжлэх болно" гэсэн байна.

Харин BBC мэдэгдэхдээ, 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр түүний хэлсэн үгийг засварласан нь “Ерөнхийлөгч Трамп хүч хэрэглэсэн үйл ажиллагаанд шууд уриалсан гэсэн буруу ойлголтыг санамсаргүйгээр төрүүлсэн” гэсэн юм. 

Энэхүү маргаан нь BBC-гийн Ерөнхий захирал Тим Дэйви, мэдээний албаны дарга Дебора Турнесс нарыг огцроход хүргэсэн. Дональд Трамп хууль ёсны арга хэмжээ авах төлөвлөгөөнийхөө талаар сэтгүүлчдэд хэлэхдээ, “Би үүнийг хийх ёстой гэж бодож байна. Тэд хууран мэхэлсэн. Тэд миний амнаас гарсан үгсийг өөрчилсөн” хэмээн ярьжээ. Тэрээр энэ асуудлыг Ерөнхий сайд Кир Стармертай хэлэлцээгүй байгаа боловч амралтын өдрүүдэд түүнтэй утсаар ярина хэмээв.