Нийслэлд томуугийн тархалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.5 хувиар нэмэгджээ

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар амбулаторийн 84.668 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 6938 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Нийт өвчлөгсдийн 33.6 хувийг 0-1 нас, 27 хувийг 2-4, 13 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 2225 дуудлага ирснээс 58.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулж, нэмэлтээр 232 орыг дэлгэн зохицуулалт хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар, нийт 1209 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 08:30-19:00 цагт ажиллаж байна гэж НЭМГ-аас мэдээллээ.