ТББХ-оос  УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг тогтоолоо

Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүдийн олонхын саналаар Их хурлын даргыг чөлөөлөх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг тогтоолоо. УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Улсын Их хурлын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлдөг хуулийн заалт 2019 оны нэгдүгээр сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. 

Мөн Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуульд хориг тавихгүй, иймээс хуулийг дагаж мөрдөх хугацааг гишүүдийн гаргасан саналын дагуу шийдэх боломжтой гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэллээ. 

Уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш буюу нэгдүгээр сарын 18-ны Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, батлах юм.