Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр боллоо.
“Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн дарга нар тушаал гаргасан. Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах удирдамж, Төв комиссын бүрэлдэхүүн зэргийг баталсан юм.
Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин /31 үзүүлэлтээр/ болон төрийн байгууллагын ажлыг үнэлэх /70 үзүүлэлтээр/ үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны хооронд явууллаа. Үүнд 13 яам, 23 агенлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн төрийн жинхэнэ 44576 албан хаагч хамрагдсан байна.
Ажлын хэсгүүд төрийн жинхэнэ албан хаагч бүртэй биечлэн уулзаж үнэлгээ хийсэн бөгөөд хууль эрх зүйн болон мэдээллийн технологийн мэдлэгийн түвшинг тестээр авч тогтоожээ.
Төрийн тусгай байгууллагуудаас Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүхийн Тамгын газар зэрэг 41 байгууллагын төрийн жинхэнэ 786 албан хаагчийн үнэлгээны дундаж 77.86, байгууллагын үнэлгээний дундаж 94.5 хувьтай гарчээ.
Улсын ерөнхий прокурорын газар, түүний харьяа аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын 687 прокурор, ажилтны үнэлгээний дундаж 89.0, байгууллагын үнэлгээ 92 хувьтай байна.
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаас сайд нар болон агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгөв.