Зарим орноос гахайн мах, өөх импортлохыг түр хориглолоо

Булган, Дундговь, Төв, Орхон аймгийн зарим сум, нийслэлийн худалдаа, үйлчилгээ, хоолны зарим газарт гахайн африк мялзан өвчин гараад байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын онцгой комиссын хурал зарлан хуралдуулав.

Одоогоор 450 гахайг устган булшилж, ариутгал, халдваргүйтгэл хийсэн ч өвчний тархалт нэмэгдэх хандлагатай учир ажлаа улам эрчимжүүлэхийг Шадар сайд үүрэг болголоо.

Юуны түрүүнд БНХАУ, ОХУ, ХБНГУ, Бүгд Найрамдах Польш зэрэг улсаас гахайн мах, өөх импортлохыг түр хориглохоор шийдвэрлэлээ.

Манай улсын нэр бүхий 10 аж ахуйн нэгж гахайн мах, махан бүтээгдэхүүн импортолж 74 цэгт, энэ цэгээс бусад газарт нийлүүлдэг байна. Мэргэжлийн хяналтын байгууллага 74 цэгээс 100 гаруй дээж авахад 50 хувьд нь өвчний шинж тэмдэг илэрчээ. Иймээс эхний ээлжинд дээрх 10 аж ахуйн нэгжид түгээлтээ зогсоох мэдэгдэл өгч, агуулахыг нь лацдаад байна. Мөн гахайн мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг ресторан, кафе, баар, хоол, цайны 4250 газарт хяналт шалгалт, тандалт судалгаа явуулж эхэлжээ.

Цаашид өвчнийг илрүүлэх идэвхтэй тандалт, судалгааг 30 хоногийн дотор хийж, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлнэ. Мөн гахайн аж ахуй эрхэлдэг байгууллага, иргэдийн тэжээлийн агуулах, байр, хашаа хороог халдваргүйтгэхээр боллоо. Энэ өвчний эсрэг эмчилгээ байхгүй учир өвчилсөн гахайг устгаж булшлах юм.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсооход шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар нөөц хөрөнгөөсөө гаргана. Мөн голомтын бүсээс хүн, мал амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох зэрэг шаардлагатай арга хэмжээ авах юм.  Түүнчлэн хилээр зорчих иргэдийг гар тээш, ачаандаа гахайн мах, махан бүтээгдэхүүн авч явахгүй байхыг сануулахаар боллоо.

Гахайн африк мялзан нь гахайнаас гахайд хавьтлын замаар халддаг, өндөр халуурах, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэс үрэвслээр илэрдэг, эд эрхтнүүдэд үхжилт үүсгэдэг вирусын гоц халдварт өвчин. Хэдийгээр хүнд халддаггүй ч гахайн мах, өөх, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар зөвлөж байна.

Энэ оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар БНХАУ, Польш, Молдав, Марокко, Израиль, Латви, Украин, Унгар, ХБНГУ, Япон, Болгар, Бельги, Словак, Румын гэсэн 14 улсад энэ өвчин бүртгэгдэж, нэг сая гаруй гахай өвчилжээ. 

Эх сурвалж. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс