УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах эсэргүүцлийн тайван жагсаал хоёр дахь удаагаа өнөөдөр /2019.01.10/ 12.00 цагт Сүхбаатарын талбайд эхэллээ. Жагсаалыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар санаачилсан бөгөөд энэ удаад иргэд, иргэний нийгмийн төлөөллүүд тэдэнтэй нэгджээ.
Цагдаагийн байгууллагаас жагсаалд оролцохоор ирж буй иргэдийн биед метал эд зүйл бий эсэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалган нэвтрүүлж байгаа аж.
Жагсаал зохион байгуулагчдын төлөөлөл УИХ-ын даргатай орж уулзсан боловч тэрбээр огцрохгүй гэдгээ дахин илэрхийлжээ.
УИХ-ын дарга шаардлагыг хүлээж авахгүй бол 300 хүн Сүхбаатарын талбай дээр гэр барин суулт хийхэд бэлэн гэдгийг энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар хэллээ. "Бид өмнө нь жагссаныхаа дараа УИХ-ын дарга М.Энхболдод албан шаардлагаа гардуулахаар өрөөнд орсон ч байгаагүй бөгөөд хүлээж аваагүй. Энэ бол шаардлагыг хүлээж аваагүй анхны тохиолдол" гэсэн юм.
Тэд одоо Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн бусад гишүүн болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзахаар болжээ.
Жагсаал үргэлжилж байна.