Прокуророос нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах санал хүргүүлжээ

Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт  хүргүүлсэн байна.  

Эдгээр гишүүдийг өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудлаар Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан юм. Тэгвэл зөвхөн тайлбар, мэдүүлэг авахаас гадна эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөл байдал илэрсэн учраас ийнхүү дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг прокурорын байгууллагаас гаргасан байна. 

Холбогдох хуулийн дагуу прокурорын хүсэлтийг УИХ 48 цагийн дотор хэлэлцэх ёстой.  

Өчигдөр  хүсэлт ирсэн даруйд прокурорын байгууллагын саналыг хүлээж авах, эсэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахаар зарласан ч гишүүдийн ирц хүрэхгүй байсаар дэд хорооны хурлыг өнөөдөр /2019.01.09/ болгон хойшлуулсан байна.