Хохирогчдыг  эрэн сурвалжилж байна

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид урт цагааны гудамжинд дархан болон алт мөнгө авдаг ченж нар их хэмжээний мөнгөн аяга, мөнгөн аяганы хуулсан металыг тодорхойгүй хүмүүсээс тогтмол худалдаж аваад байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулжээ.

Ингэхэд гарал үүсэл нь тодорхойгүй мөнгөн аяга эд зүйлсийг явуулын хүмүүсээс худалдан авдаг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Дээрх Урт цагаан орчимд эд зүйл авдаг иргэд нь ямар нэгэн зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, хувь хүнээс зарж буй эд зүйлийн гарал үүсдийг тодруулахгүйгээр шууд худалдан авдаг байжээ.

Тухайлбал, хураан авсан эд зүйлээс "Хилийн 0225 ангийн цэргийн ангийн хамт олноос дурсгав", "113 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойгоор дурсгав", "Хоёр дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье Д.Мягмарсүрэнгийн гэр бүлээс" гэсэн дурсгалын бичиглэлтэй 30 орчим мөнгөн аягыг хураан авч хохирогчдыг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас эрэн сурвалжилж байгаа юм байна. 


Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв