Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурал боллоо. 
Уг хурлаар 2019 онд төрийн албан хаагчдийн цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, гурван тал байр сууриа нэгтгэх зорилготой юм байна. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хурал эхлэхийн өмнө "2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх хэлэлцээр хийсэн. Харамсалтай нь улсын хэлэлцээр хэрэгжихгүй, цалинг яг хэзээнээс хэдэн хувиар нэмэгдүүлэх талаар албан ёсны шийдвэр гараагүй байгаа учраас өчигдөр МҮЭХ-ны удирдлагууд ХНХ-ын Сайдтай уулзаж, Үндэсний хороог хуралдуулах санал тавьсан. Ингээд яаралтай хуралдаж байна.

Өнөөдрийн хурлаар зөвхөн цалин нэмэгдүүлэх асуудлаас гадна УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр гурван тал байр сууриа нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Төсөвт цалин нэмэгдүүлэхэд зориулан 277 тэрбум төгрөг суусан. Эх үүсвэр ингээд шийдэгдчихсэн байхад цалин нэмэх асуудлыг шийдвэрлэхгүй хойшлуулж явсаар оны эцсээр нэмчихээд 2019 онд цалинг 20 хувь нэмсэн гэж хэлж болохгүй. Хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа хүмүүс цалин хөлс нь хэзээ нэмэгдэх талаар мэдээлэлтэй байх ёстой.

Засгийн газрын зүгээс цалинг оны эхээр бага хувиар нэмээд, сүүлээр дахин нэмчихээд тухайн онд цалинг өндөр хувиар нэмсэн юм шиг харагдуулдаг арга хэрэглээд байгаа" хэмээв.

С.ЧИНЗОРИГ: ЗАСГИЙН ГАЗРААС ШИЙДВЭР ГАРГАСАН ДАРУЙД БИ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛНО

Ингээд удалгүй Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурал эхэлсэн ч ХНХ-ын Сайд С.Чинзориг "Өнөөдрийн энэ хурал цэвэр ажил хэргийн санал солилцох зорилготой. Амжвал энэ долоо хоногт үгүй бол дараа долоо хоногт цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна. Засгийн газраас шийдвэр гаргасан даруйд би мэдээлэл өгөх болно.

Би Засгийн газарт оруулах гэж байгаа асуудлаа талууддаа танилцуулж, санал солилцохоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Тэтгэврийг хоёрдугаар сараас нэмнэ. Бас Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэнэ" гээд хэвлэлийнхнийг хурлын танхимаас гарахыг хүслээ. 

Эх сурвалж: МҮЭХ