Энэ оноос эхлэн ЭМД-аараа бүх төрлийн спорт клубээс хөнгөлөлттэй үйлчилгээ авах боломжтой болно

Энэ оны нэгдүгээр сараас эхлэн иргэд ЭМД-аараа фитнесс клубт хямдралтай үнээр үйлчлүүлэх боломжтой болж байгаа билээ. Тодруулбал, 2017  оны долдугаар сарын 6-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” гэсэн өөрчлөлтөөр даатгуулагчид уг үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм. 

Үүний дагуу  спорт клубуудыг магадлан итгэмжлэх журам болон магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг Эрүүл Мэндийн яам болон Биеийн тамир спортын газар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газраас нэгдсэн Ажлын хэсэг байгуулаад, журмыг боловсруулж дуусгажээ. 

Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ онд хоёр тэрбум төгрөгийг спортын клубт идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгоход зарцуулахаар тусгасан байна.  Энэхүү хөнгөлөлтөд фитнесс клубээс гадна иог, таеквондо, сагс, усан сэлэлт, жүдо, хөлбөмбөг, теннис гээд бүх төрлийн спорт клубууд багтах юм байна. Орон нутагт фитнес клубууд дутагдалтай, зарим аймагт байхгүй. Тийм учраас уг журамдаа спортын клуб хэмээн оруулсан тул орон нутгийн иргэд ч энэхүү хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой гэнэ. 

Спортын клубийг магадлан итгэмжлэх журамд магадлан итгэмжлүүлэх спортын байгууллагад тавигдах шаардлагыг дараах байдлаар тусгажээ. 

Үүнд:
5.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх,
5.2. Үйлчилгээ үзүүлэх стандартын шаардлага хангасан, зориулалтын
байртай байх,
5.3. Үйлчилгээ үзүүлж буй спортын төрлөөр тухайн спортын Монголын
холбоонд албан ёсоор бүртгэлтэй, тухайн спортын төрлөөр сургалтдасгалжуулалтын үйл ажиллагаа эрхлэх эрх авсан байх,
5.4. Үйлчилгээ үзүүлж буй спортын төрлөөр сургалт-дасгалжуулалт удирдах
эрх бүхий дасгалжуулагчтай байх,
5.5. Магадлан итгэмжлэлд орох асуудлыг хамт олноороо хүлээн зөвшөөрсөн
байх,
5.8. Магадлан итгэмжлэлд бэлтгэх зөвлөгөө авч, сургалтад хамрагдсан
байх,
5.9. Магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтийг хангасан байх,
5.10. Бүрдүүлсэн баримт бичгүүд үнэн, бодитой байх.

Ийнхүү спортын клубуудыг магадлан итгэмжилснээр мэргэжлийн бус багштай клубууд цэгцэрч, буруу техникээс үүдэн гэмтэж бэртэх асуудал багасна гэж үзэж байгаа юм байна.