Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тасагтай болно

НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Р.Дагва,  Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар өнөөдөр Нийслэлийн шүд эрүү нүүрний төвд ажиллалаа.

Жилд дунджаар 100-130 мянган хүнд үйлчилдэг, нийт 74 ажилтантай тус эмнэлгийн хувьд ачаалал харьцангуй өндөр,  шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай байдаг аж. Мөн улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүдний эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг ганц эмнэлэг гэдгийг ч эмнэлгийн удирдлагууд энэ үеэр дуулгалаа.

Манай улсын хувьд, хөгжлийн бэрхшээлтэй 130 гаруй мянган иргэн байдаг гэх тоон мэдээлэл байдаг бол, нийслэлд 50 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн оршин суудаг байна. Түүнээс 20 орчим мянга нь хүүхэд бөгөөд шүдний өвчлөл өндөр тархжээ.

Тиймээс тус төвийн эмч нар гадны хөрөнгө оруулагчдын хандив тусламжаар өөрсдийн хэмжээнд тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан эмч, мэргэжилтнүүдээ Тайвань улсад мэргэшүүлэх сургалтанд хэд хэдэн удаа хамруулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхийн тулд зориулалтын өрөө тасалгаа, унтуулах болон нойрсуулах эмч, сувилагч зайлшгүй байх, эмчилгээний тусгай зориулалтын төхөөрөмж, хөдөлгөөнийг хязгаарлан аюулгүй байдлыг хангахуйц хүлэх тавцан зэрэг тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгаа аж.

Үүний улмаас тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эмчилгээ хийлгэхийн тулд  ар гэрийнх нь 2-3 хүн дагаж ирэх, өөр эмнэлгээс нойрсуулах эмч, сувилагчийг түр хугацаанд урамшуулал олгон ирүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг өөрсдийн гараар урлах гэх мэт бэрхшээл тулгардаг учир эдгээрийг асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг нийслэлийн удирдлагуудад гаргасан байна.

Мөн 2018-2023 онд хэрэгжүүлэх "Тайван инээмсэглэл төсөл"-ийн хүрээнд нийслэл хотод амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд, залуусын шүдийг эрүүлжүүлж, асран хамгаалагчдад нь эрүүл мэндийн цогц боловсрол олгохыг зорьж ажиллахаар болжээ. Тухайлбал:

  • -"Тайван үрс" буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай зориулалтын шүдний эмчилгээний тасаг нээж ажиллуулах
  • -"Тайван хөгжил" бөгөөд шүдний эмч, мэргэжилтнүүдийг Тайвань, АНУ-д суралцуулж, мэргэжлийн чадавхийг нь сайжруулах

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчдад шүд-амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах боловсрол олгох зэрэг гурван зорилт багтсан байна. Товчхондоо уг төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдийг 5-6 жилийн хугацаанд бүрэн эмчлэх, дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж Монголд бүрдэх юм байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ "Шүд эрүү нүүрний төвийн эмнэлгийн барилгын хөрөнгийг өнгөрсөн жил нийслэлээс шийдэж өгсөн. Нийслэлийн хүн амын амны хөндийн эрүүл мэнд хамгийн чухал асуудлын нэг болсон. Амны хөндийн эрүүл мэндээс хамаарч хүний дотор эрхтэн эрүүл байх эсэх хүртэл хамаарах учраас энэ асуудалд анхаарч ажиллах ёстой. Тус эмнэлгийн хувьд эрүү нүүрний согог, шүдний өвчнийг эмчлэх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлага гардаг. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдний эмчилгээний хувьд энгийн иргэдээс илүү анхаарал халамж шаардсан, арга барил хэрэгцээтэй болдог нь нууц биш.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг шүдний төв эмнэлэг нь нойрсуулах эмч сувилагчгүй, нойрсуулах аппарат, тусгай тоног төхөөрөмжгүй байж таарахгүй. Эмнэлгийн удирдлагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тасгийг байгуулах төсөл боловсруулсан ч хөрөнгө мөнгийг нь шийдэж чадалгүй 2-3 жил болсон байна. Өнөөдөр бид газар дээр ажиллаад, энэ тасгийг нээхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хиймэл шүдний лаборторийн үйл ажиллагааг сайжруулж, дэлхийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөс бүрдсэн лаборатори болгох асуудалд анхаарч ажиллана" гэлээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР