Өнөөдрөөс эхлэн улс орон даяар төрсөн даруйдаа регистрийн дугаар авдаг боллоо

"Нэг иргэн нэг бүртгэл" үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга, Улсын бүртгэлийн дарга нар хамтран санал солилцон хуралдлаа.  Хурлаар өнгөрсөн аравдугаар сараас хойш нийслэлийн хэмжээнд төрөх эмнэлэгт төрсөн нярайд регистрийн дугаар олгох ажлын талаар  тайланг хэлэлцэн 2019 оны нэгдүгээр сарын 2-ноос эхлэн орон даяар хэрэгжүүлэхэд дээрх гурван байгууллага цаашид юунд анхаарах уу, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар ярилцсан юм. 

Өмнө нь  төрсөн эх  сарын хугацаанд төрснийхөө гэрчилгээг аваад улсын бүртгэл дээр очиж регистрийн дугаар авдаг байсан бол ийнхүү өнөөдрөөс эхлэн улс орон даяар төрсөн даруйдаа регистрийн дугаар авдаг боллоо. Ингэснээр төрсөн өдрөөсөө эхэлж  тухайн хүүхэд төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүүхэд тус бүр дээр бүртгэх боломжтой болж байна.

Энэ ажлын хүрээнд цаашид жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтын үеэс эхлэн бүртгүүлжүүлэхээр болсон байна.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 10 мянган гаруй хүүхэд төрөх эмнэлэг дээрээс регистрийн дугаар аваад байгаа аж.