БСШУСЯ 2018 онд 265 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ

БСШУСЯ-ны хамт олон тайлангийн хурлаа хийлээ. Дөрвөн том салбарыг хариуцдаг тус яамныхан бүтэн жилийн ажлаа дүгнэсэн энэхүү хуралд Ц.Цогзолмаа сайд биечлэн оролцсон байна. Яамны хувьд 2018 он бодлогын шинжтэй олон шинэлэг ажлыг хийж, эрч хүчтэй, хурдтай ажилласан жил байлаа гэж дүгнэжээ.

Тухайлбал, БСШУСЯ-наас 2018 оныг "Багшийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж гурван том ажлыг хийсэн байна. Мөн тус яамнаас бүх шатны боловсролын байгууллагад шинэчлэлт хийн, спорт, урлагийн салбарын хөгжилд түлхүү анхаарсан гэдгийг онцолж байгаа юм. Харин яамнаас ирэх 2019 оныг эцэг эхийн оролцоотой жил болгохоор төлөвлөөд байгаа гэнэ. Ингэснээс сурагч, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа идэвхжинэ гэж үзжээ.

Багшийн хөгжлийн жилийн хүрээнд багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах ажлыг илүүтэй хэрэгжүүлжээ. Ингэснээр багш  дан ганц сурагчтай харилцах бус өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдсэн байна. Мөн бүх шатны сургалтын байгууллагад шинэчлэл хийсэн бөгөөд тухайлбал сургуулийн өмнөх боловсролд гараас гарт гэдэг зарчмыг хэрэгжүүлснээр хүүхэд алдагдах, төөрөх явдал багасчээ. Мөн гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоог цөөрүүлэн хүүхдэд боловсролыг хүртээмжтэй хүргэж байгаа юм. Энэ онд боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарынхны цалинг 8-30 хувиар нэмэгдүүлсэн байна.

БСШУСЯ-наас энэ жил 265 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд эдгээрийн дийлэнх нь сургууль цэцэрлэгүүдийн барилгыг шинээр барих төслүүд байжээ. 2018 он боловсролын салбарын хувьд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт ихтэй он болжээ. Энэ чиглэлээр олон арван бодлогын баримт бичиг, хууль, журам батлуулж, салбартаа суурь шинэчлэл авчрах ажлууд хийсэн гэдгийг тайлангийн хурлаараа онцолжээ.

Эрүүл мэндийн хичээл олон жил завсарласны дараа энэ хичээлийн жилээс орж эхэлсэн, анх удаагаа хүүхэд хамгааллын бодлоготой болсон, ЕБС-ийн орчны аюулгүй байдлын стандарт, Дотуур байрны стандарт батлагдахад бэлэн болж, Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвд хүргүүлсэн гэх мэт олон ажлуудыг онцолж болно. Мөн ЭЕШ-ыг дүнг шууд засах шилэн технологи амжилттай нэвтрүүлсэн Боловсролын үнэлгээний газрынхан БСШУСЯ-ны оны шилдэг хамт олноор тодорсон байна.

Дээд боловсролын салбарт мөн л шинэчлэлийн бодлого эрчтэй явагджээ. Чанаргүй их, дээд сургуулиудын тоог цөөлсөн, зарим ижил төстэйг нь нэгтгэж, босго оноог өндөрсгөсөн, Оюутны хөгжлийн зээлийг хүүгүй, барьцаагүй болгосон, Боловсролын магадлан итгэмжлэлийг ОУ-ын түвшинд шинэчилсэн гээд дээд боловсролын салбарт бодлогын шинжтэй шинэлэг ажил олныг хийжээ. Хамгийн сүүлд л гэхэд энэ 7 хоногт манай улс Ази-Номхон далайн орнуудын Боловсролын баримт бичиг харилцан хүлээн зөвшөөрөх конвенцид нэгдээд байгаа юм.

Сургуулийн өмнөх боловсролын тухайд бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр батлагдсан гарсан, Сургуулийн өмнөх байгууллагын сургалтын орчны стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж батлагдсан гэх мэт ажлуудыг онцолж болно.

Шинжлэх ухаан, технологийн салбарт олон ажил хийгдсэнээс онцолбол Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого батлагдсан, Инновацийн үйл ажиллагаанд грант олгодог болсон, Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлагдан, хэрэгжиж эхэлсэн, гарааны компаниудыг гааль, татварын бодлогоор дэмжиж эхэлсэн зэрэг нь шинэлэг, чухал ажлууд юм.

Спортын салбарынхан сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй Үндэсний зөвлөгөөнөө энэ онд хийсэн. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Биеийн тамир, спортыг дэмжих шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсын 21 аймаг, 365 суманд биеийн тамирын арга зүйчтэй болно. Олимпизм, мэргэжлийн спортыг дэмжихээс гадна бүх нийтийн биеийн тамир, спортын боловсрол, хэрэглээг дээшлүүлэх бодлого үүгээр дамжиж хэрэгжих юм.

Соёл урлагийн салбарт анх удаа соёлын биет болон биет бус өвийн "Нүүдэлчин Монгол" фестивалийг зохион байгуулсан. 2018 он 21 аймгийн бүх сумд соёлын биет бус өвийн наадмаа хийж, үндэсний уламжлалт соёлын дархлааг сайжруулах, дэмжих бодлого хэрэгжиж эхэлсэн жил байв. Мөн ардын урлаг болон сонгодог урлагийн цогц хөтөлбөр олон жилийн дараа батлагдан гарсан билээ. Соёл урлагийн байгууллагууд давсан орлогоо өөрсдөө захиран зарцуулдаг болох эрх зүйн зохицуулалтыг хийж чадсан нь онцлох ажлын нэг байжээ.