Унгарын Засгийн газрын ТЭТГЭЛЭГ зарлагджээ

2019-2020 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо, хүлээн авч суралцуулах сургууль гаргана.Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.

Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдснаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг (www.stipendiumhungaricum.hu) холбоосоор англи хэл дээр үзэж танилцана уу.

Унгарын Тэтгэлгийн хорооны дээрх цахим хуудаснаас та тэтгэлгийн зорилго, тэтгэлгийн төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, түүнд тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалт хийгдэх хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг мэдээллийг сайтар судалж, танилцах нь зүйтэйг зөвлөж байна. Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэн нь холбогдох баримт бичгээ бүрэн бүрдүүлж, цахим анкетийг зөв бөглөх ёстой. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, иргэдээс байнга лавладаг асуултын хариултыг өгөгдсөн цахим хуудаснаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг /The Call for Application 2019-2020/ мөн татаж авах боломжтой.

Жич: Цахим анкет бөглөхөд суралцах сургууль, хөтөлбөр болон хэлийг сонгосон байх шаардлагатай бөгөөд үүнтэй холбогдох мэдээллийг мөн дээрх цахим хуудсанд өгөгдсөн холбоосоор үзэж, танилцана уу. Өргөдөл гаргагч нь сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөх тул энэ мэдээлэлтэй урьдчилан сайтар танилцахыг зөвлөж байна. Түүнчлэн бакалавр, магистрт суралцахаар өргөдөл гаргагч зөвхөн доор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтойг анхаарна уу.

Суралцуулах мэргэжлийн чиглэл

  • Бакалавр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, тусгай хэрэгцээт боловсрол, нисэхийн чиглэлээр, анагаах ухаан;
  • Магистр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженер, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, анагаах ухаан;
  • Бакалавр, Магистрт суралцаж магистрээр төгсөх хөтөлбөр: Анагаах ухаан, урлаг, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, багш боловсрол, архитектур
  • Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй
  • Англи болон Унгар хэл дээр явагдах богино хугацааны сургалт, дадлага: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, байгалийн ухаан, уул уурхай, технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, соёл ба урлаг, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, эрчим хүчний эдийн засаг, эрчим хүчний инженер, тусгай хэрэгцээт боловсрол 

Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах

  • Өргөдөл гаргагч нь 2018 оны 12 дугаар сарын 1-ээс 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Унгарын тэтгэлгийн хорооны дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь цаасаар болон цахим хэлбэрээр анкет, баримт бичгийг хүлээн авахгүй болно. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэний анкет, баримт бичгийг хянан шалгаад дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлдэг. 
  • I шатны шалгаруулалт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2019 оны III сарын 25-ны дотор Унгарын талаас ирүүлсэн Монгол иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна.
  • II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон (3 хүртэлх) сургуулийн элсэлтийн шалгалтыг 2019 оны III-IV сард өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль нь шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд өөрт нь хувийн цахим шуудангаар нь ирүүлнэ. БСШУСЯ энэхүү шалгалтын үйл ажиллагаанд оролцдогүй тул нэр дэвшигч өөрийн цахим шууданг тогтмол шалган, хариу бичих, харилцаа холбоо хийх үүргийг хүлээнэ. Сургуулийн тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах болон дахин шалгалтад оролцох боломжгүйг анхаарна уу. Шалгаруулалтын хариуг 2019 оны VI сарын 22-ны дотор Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Тэтгэлгийн хороо нь нэр дэвшсэн иргэнд өөрсдөд нь шууд ирүүлнэ.
  • Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг Тэтгэлгийн хороонд 2019 оны VI-VII сарын дотор хариу мэдээлэх үүрэгтэй. Тэтгэлгээр суралцах эрх авсан иргэн визанд орно.

Тэтгэлгийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдийн 14.00-17.30 цагт БСШУСЯ-ны 51-267131утсаар лавлана уу.

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ