Холбооны бүгд найрамдах Герман улс /ХБНГУ/-ын Үндсэн хуулийн цэц гуравдагч хүйс буюу интерсексийг 2017 оны арваннэгдүгээр сард хүлээн зөвшөөрч байсан бол үүнийг тусгасан хууль нь өчигдрөөс /2019.01.01/ эхлэн хэрэгжиж эхэлжээ. Тодруулбал, Герман улсын иргэн бичиг баримт дээрээ хүйсээ эрэгтэй, эмэгтэй болон саармаг гэсэн гурван сонголтоос сонгон, тэмдэглүүлэх боломжтой болсон гэсэн үг юм.
Тус улсад 2013 оноос интерсекс хүмүүс бичиг баримт дээрээ эрэгтэй, эмэгтэй гэсэн сонголтын аль алийг нь сонгохыг зөвшөөрч байсан аж. Харин эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш гуравдагч хүйсийг албан ёсоор, хуулиараа хүлээн зөвшөөрснөөр бүх бичиг баримтаас гадна ном хэвлэл, санал асуулга, олон нийтийн ариун цэврийн газруудад “Х” буюу саармаг хүйстнүүдэд зориулсан хүйсийн шинэ ангиллыг нэмэхээр болжээ.
НҮБ-ийн мэдээлснээр дэлхийн хүн амын 1.7 хувь нь гуравдагч хүйстэй буюу ярианы хэллэгээр “манин” төрдөг ажээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС