Таны бүртгүүлсэн НӨАТ-ын баримтын дунд ААН илгээгээгүй гэсэн төлөвтэй баримт байгаа л биздээ. Тэгвэл түүнийг хэрхэн засах вэ?
"ААН илгээгээгүй" гэсэн төлөвтэй баримт олон шалтгаантай.
Нэгдүгээрт, хэрэглэгч QR кодоор баримтаа уншуулахад бүртгэлээ гэж дэлгэц дээр гарч ирдэг. Тухайн бараа бүтээгдэхүүний кодыг 72 цагийн дотор бүртгүүлсэн мөртлөө ААН илгээгээгүй төлөвтэй байгаад байвал тухайн байгууллага мэдээллээ ирүүлээгүй байна гэсэн үг.
Хоёрдугаарт, QR код уншигдах боломжгүй баримтыг гараар шивж оруулдаг. Гараар шивж оруулахад сугалааны эхний хоёр үсгийг буруу оруулах, арын найман орныг буруу бичсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөвт орно.
Гуравдугаарт, үнийн дүнг буруу оруулснаас үүдэн ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг. Зарим хэрэглэгч бараагаа буцаадаг. Баримтаа бүртгүүлсэн мөртлөө бараагаа буцаасан бол ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг.
Ийм төлөвтэй баримтыг ebаrimt.mn сайтад бүртгүүлэхдээ сугалааны дугаараар эсвэл дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар /ДДТД/ оруулах гэсэн хоёр сонголтууд бий.
Баримт тань байвал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар оруулахад илгээгдсэн, илгээгдээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Илгээгдсэн байвал таны баримт автоматаар уншигдаад систем бүртгэнэ. Сугалааны дугаар буруу байвал ААН илгээгээгүй гэсэн төлөвөө устгаад, дахин төлбөрийн баримтаа оруулж болно. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагдана.
Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI000 дугаартай баримт өгдөг. Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар бүртгүүлснээр баталгаажина. Тэгэхгүй бол QR код болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар, Татвар төлөгчтэй харилцах газар