Ангела Меркел: Цаг уурын өөрчлөлт, дүрвэгчдийн асуудал, терроризм
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел зургаан минут үргэлжилсэн шинэ жилийн мэндчилгээ 2018 он бидний хувьд баяр, гуниг, уналт, сэргэлт хосолсон жил байлаа гэж эхлэв. 2017 оны Бундестагийн сонгуулийн дараа Засгийн газар байгуулахын тулд зургаан сарын турш хүнд хэцүү цаг үеийг даван тууллаа гэдгийг дурьдсан.
Түүний мэндчилгээн дэх гол үгс нь цаг уурын өөрчлөлт, дүрвэгчдийн асуудал, терроризм байлаа. Бидэнд тулгарч буй гол сорилт бол цаг уурын өөрчлөлт, дүрвэгсэд, мөн олон улсын терроризмтай тэмцэх явдал юм Ангела Меркел онцолсон.
2019 оны 1 сарын 1-нээс ХБНГУ-ын НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр 2 жилийн хугацаатай ажиллах болж байгаатай холбогдуулан Меркел Германы дэлхий дахинд явуулах бодлогын талаар “манай улс хүмүүнлэгийн тусламж болон хөгжлийн дэмжлэгээ улам бүр өргөжүүлэх болно” гэж хэлэв. Мөн Аюулгүй байдал, хөгжил дэвшил, энх тайвны төсөл болох ЕХ-г хамгаалахыг германы иргэдэд уриалсан юм.
Үгийнхээ төгсгөлд Меркел амьдралын тэгш нөхцлийг бүрдүүлэх зорилго, хүн бүр сайн боловсрол, орон байр, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангагдахын төлөө Германы засгийн газар ажиллана” гэж дотоод улс төрийн бодлогодоо баримтлах гол зорилтуудаа хэлсэн.
И.Макрон: Реформ, fake news-тэй тэмцэх
Францын ерөнхийлөгч Иммануэль Макроны 17 минут үргэлжилсэн шинэ жилийн мэндчилгээний эхний хэсэг улс орондоо хийж буй шинэчлэлийн бодлогоо тайлбарлахад чиглэв. Энэ нь түүний засаг захиргааны бодлогын эсрэг шар хантаазтаны хөдөлгөөн өрнөсөнтэй холбоотой. Шинэчлэл хийж байна, гэхдээ шинэчлэлийн үр дүнг тэр даруй гарна гэж яарах хэрэггүй, тэвчээртэй хүлээх хэрэгтэй гэж ард түмэндээ уриалсан.
“2018 оны Ерөнхий сайд Эдуард Филип улс орны төлөө их зүйлийг хийлээ. Цаашид ч энэ шинэчлэлээ үргэлжлүүлэх болно. Даяарчлал, засаг захиргааны систем, шударга бус байдалд дургүйцсэн иргэдийн уур хилэнг өдөөн турхирч, хагалан бутаргах оролдлого байгаа ч бид хэлсэн үгнээсээ буцахгүй. Бид нөөц чадавхидаа тулгуурлан шинэ зүйлсийг нэвтрүүлж хамтдаа байснаар илүү сайхан ирээдүйг улс орондоо бий болгомоор байна” гэж Макрон хэлэв.
Макроны үгний хоёр дахь гол мессеж бол сошиал сүлжээн дэх fake news буюу хуурамч мэдээтэй тэмцэх явдал байв. Макрон болон түүний багийнхан сонгуулийн үеэр хуурамч мэдээний золиос болсон гэдгийг хэлсэн. Хэрэв бид либераль ардчиллыг хамгаалахыг хүсч байвал хатуу хуультай болох ёстой.
Ким жи Ун: Эдийн засаг, цөмийн зэвсэггүй бүс
Умард Солонгосын ерөнхийлөгч Ким Же Уны 30 минут үргэлжилсэн шинэ жилийн мэндчилгээнийн гол цөм нь улс орных нь эдийн засгийн асуудалд чиглэсэн байв. Умард Солонгосын ард түмэн улс орныхоо хөгжил цэцэглэл, эдийн засаг, батлан хамгаалах хүрээний бүхий л асуудлыг өөрсдийн хүчээр шийднэ гэдэг Чучхегийн онолоо голлон ярьсан.
Харин түүний мэндчилгээний дэлхий дахинд хандаж хэлсэн хоёр минутын хэсэг нь олон улсын анхаарлыг ихэд татлаа.
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хэдийд ч уулзахад бэлэн байна гэдгээ хэлсэн. Үүнийг олон улсын экспертүүд түүхэн дэвшил гэж үзэж байгаа юм. Гэхдээ АНУ-ын зүгээс Өмнөд Солонгостой хамтран хийдэг цэргийн сургуулилтаа зогсоох ёстой. Хэрэв АНУ манай ард түмний хүлцэл тэвчээрийг буруу ойлгож, дарамталж, хориг арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байвал бид улсынхаа тусгаар тогтнол, ашиг сонирхлоо хамгаалж Солонгосын хойгт энх тайвныг тогтоох шинэ арга зам хайхаас өөр сонголтгүй болно гэдгээ мэдэгдсэн.
Киж Же Уны энэхүү мэндчилгээнээс харахад тэрбээр олон улсын тавцанд бусад улстай хамтрах хүсэл сонирхолтой, тэр дундаа АНУ-аас ихийг хүсэн хүлээж, Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлуулах талаар горьдлого, найдвар тавьж байгаа нь ажиглагдлаа.
В.Путин: Нэгдмэл байдал
ОХУ-ын Ерөнхийлөгч Валидимр Путин жил бүр таван минут үг хэлдэг уламжлалынхаа дагуу энэ удаа үг хэлсэн. Хэлсэн үгний агуулгад өмнөх жилүүдийнхээс шинэлэг, анхаарал татсан зүйл байсангүй. Бусад улс орны төрийн тэргүүнүүдийн адил бодлогын чанартай зүйл төдийлөн ярьсангүй.
“Бид шинэ 2019 оны босгон дээр ирээд байна. Шинэ жилийг бид баяр хөөртэйгөөр угтан авч байна. Бид бүгдэд өөр өөрийн хүлээлт бий. Гэхдээ ойр дотныхон маань эрүүл энх байгаасай, орон гэрт харилцан ойлголцол ноёрхож, хүүхдүүд баярлаж, амьдрал амар тайван байхыг бид хамгийн их хүсч байгаа гэх мэтээр шинэ жилийн баярын утга учрын талаарх үгээр Путины мэндчилгээ эхэлсэн.
Үгийн дунд хэсэгт бидэнд эдийн засаг, шинжлэх ухаан технологи, эрүүлийг хамгаалах, боловсрол, соёл, хамгийн гол нь амьдралын чанар, бүх нийтийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх асуудлыг шийдэх зорилтууд тулгарч байна гэж бодлогын чанартай цөөн үг хэлсэн.
Үгийн төгсгөлд “тулгамдсан асуудлаа бид хамтдаа л шийдэж чадна. Бидэнд туслагч гэж байгаагүй, байх ч гүй. Тийм учраас бидэнд нэгдмэл, хүчтэй баг хэрэгтэй. Биднийг нэгтгэдэг нөхөрлөл, сайн сайханд итгэх найдвар, ирээдүйд ч хамт байж бидний хамтын зорилгод хүрэхэд туслах болтугай” гэж хэлснээс үзэхэд улс орны нэгдмэл байдлыг чухалчилж байгаа нь харагдав.
Х.Баттулга: Даян дэлхийд тархан суурьшсан монголчууд, эрс шинэчлэл
МУ-ын Ерөнхийлөгч энэ жил хоёр минут үргэлжилсэн мэндчилгээ дэвшүүлсэн нь бусад улс орнуудын төрийн тэргүүн нарын мэндчилгээтэй харьцуулахад хамгийн богино нь боллоо. Тэрбээр 2017 оны шинэ жилээр буюу анх ерөнхийлөгч болсон жилдээ мөн л маш товчхон 1 минут 30 секундын мэндчилгээ дэвшүүлж байсан билээ.
Түүний мэндчилгээн дэх анхаарал татсан гол хоёр үг бол даян дэлхийд тархан суурьшсан монголчууд, эрс шинэчлэл гэсэн хоёр байв.
Тэрээр өнгөрсөн жилийн мэндчилгээндээ мөн онцолж байсантайгаа адил даян дэлхийд тархан суурьшсан монгол туургатнуудаа мэндчилгээндээ багтаан оруулав. Гэхдээ энэ удаа мэндчилгээнийхээ эхлэл, төгсгөл хоёрт хоёуланд нь энэ үгийг дурьдсан.
Баттулгын мэндчилгээний гол мессеж нь “2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно” гэж дурьдагдав. Энэ нь УИХ-ын намрын чуулганы нээлтэн дээр эрс шинэчлэл хийх хэрэгтэй байна гэсэн үгээ давтан сануулсан явдал боллоо. Мөн энэ хэсэг нь ерөнхийлөгчийн үгэн доторх бодлого ярьсан гол зүйл нь байв.
Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ жилийн мэндчилгээн дэх нэг анхаарал татсан хэсэг нь “Он солигдох мөчид ч гэсэн өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орныхоо дархан хилийг манаж буй хилчид, цэрэг дайчид, албан үүргээ гүйцэтгэж буй эмч сувилагч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад” гэсэн өгүүлбэр байв.
Учир юу гэвэл яг энэ утга бүхий өгүүлбэрийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины өнгөрсөн жилийн мэндчилгээнээс олж харж болно. Путины 2017 оны шинэ жилийн мэндчилгээнд “И, как всегда, мои особые поздравления – всем, кто сейчас работает, выполняет воинский или профессиональный долг, дежурит в больницах, ведёт самолеты и поезда” буюу “ энэ мөчид ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж буй цэрэг дайчид, эмнэлэгт жижүүрлэж буй, онгоц, галт тэрэг жолоодож буй хүмүүстээ онцгойлон баяр хүргэе” гэсэн өгүүлбэр байсан юм.
Улс төр судлаач Ц.Мөнхцэцэг