Монголын багш нарын чуулга уулзалт МТС-2024 энэ сарын 9-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү чуулга уулзалтад СӨБ, ЕБС, Их дээд сургуулийн багш нараас гадна багш болохоор бэлтгэгдэж буй оюутан залуусын төлөөлөл нийлсэн 1000 хүн оролцсон юм.
Уг арга хэмжээг БНСУ-ын Глобал дэвшилтэт сургуулийн захирал Нам Жин Сог болон тус сургуулийн багш, оюутнууд санаачлан Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж буй юм.
Чуулга уулзалтад “Global Advanced Education/ Global Advanced School/-ийг үүсгэн байгуулагч Нам Жин Сог “Үндэсний хөгжилд хувь нэмрээ оруулах багшийн эрхэм зорилго”, тус сургуулийн сургалтын менежер И Сон Ми “Орчин үеийн боловсролын өөрчлөлт, STEAM сургалт”, сургалтын менежер Жон Су Ми “Дижитал боловсролын инновацийн эрин үед багшийн үүрэг, мэргэжлийн хөгжил” сэдвээр илтгэл тавьсан юм.
МТС-2024 арга хэмжээг санаачлагч Нам Жин Сог нь “Global Advanced Education/ Global Advanced School/-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга бөгөөд сүүлийн 25 жилийн турш БНСУ-ын боловсролыг хөгжүүлэхэд амьдралаа зориулж буй нэгэн юм. Түүний хичээл зүтгэлээр эгэл жирийн маш олон шавь нь дэлхийд хөл тавьсан билээ. Тэрээр одоо амьдралынхаа үлдсэн хугацаанд дэлхийн өнцөг булан бүр, тэр дундаа Монголын багш нарт тусалж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг боловсон хүчинг бэлтгэхийг зорьж байгаа аж.
Тэрээр Монголын багш нарын бага хуралд тавьсан илтгэлдээ “БНСУ-ын өнөөгийн боловсрол 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд Христчин номлогчдын хичээл зүтгэлээр эхэлж, тэд тус улсын орчин үеийн боловсролын суурь, хөгжлийн үндсийг тавьсан юм. Японы клончлолын үед сургууль нь тусгаар тогтнолын хөдөлгөөний гол тулгуур баазын үүрэг гүйцэтгэж, чөлөөлөгдсөний дараа албан боловсролыг нэвтрүүлэн чанар, тооны хөгжилд хүрчээ. Ингэснээр боловсролтой хүмүүс улс эх орноо хөгжүүлж ирсэн. Гэхдээ өнөө үед төрөөс олгох боловсрол хязгаарлагдаж, хувийн хэвшлийн боловсролын нөлөө хүчтэй хэвээр байна. Ийм нөхцөлд багш нарын үүрэг оролцоо илүү чухал. Шилдэг багш сурагчдадаа зөв үнэлж, мэдлэгийг хүргэж, улс орны хөгжилд шууд нөлөөлдөг. “Шилдэг багш шилдэг сургуулийг бий болгож, шилдэг сургууль шилдэг хүнийг төлөвшүүлнэ. Шилдэг хүмүүс үндэсний хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ”.
Багш нар та бүхэн ямар ч үед ажлын байраа битгий орхиорой. Өнөөгийн нөхцөл байдалд багш нарын үнэлэмж доогуур байгаа хэдий ч хэзээ нэгэн цагт төр улс тань, шавь нар тань та бүхнийг өндрөөр үнэлэх болно. Сурагчдыг хүсэл мөрөөдөлтэй, зорилготой болгож чадах хүн нь багш хүн байдаг.
Багш хичээл заахаас гадна улс орныхоо ирээдүйг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх эрхэм зорилготой. Тиймээс энэхүү лекц Монгол багш нар өөрсдийн үүрэг хариуцлагаа дахин ухамсарлаж, үндэсний хөгжилд хувь нэмрээ оруулахад арга замыг олоход туслана гэдэгт найдаж байна” хэмээсэн юм.
БНСУ-ын Глобал дэвшилтэт сургууль улс орныхоо ирээдүйн төлөө хариуцлага хүлээх чадвартай, дэлхийд манлайлах боловсон хүчинг бэлдэх зорилготойгоор 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд БНСУ-ын Засгийн газраас албан ёсны зөвшөөрөлтэй алтернатив дунд болон ахлах сургууль юм.
Тус сургууль нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд 2000 орчим сурагчийг бэлтгэн төгсгөсөн бөгөөд тэд дэлхийн өнцөг булан бүрт сурч, олон улсын нэр хүндтэй компаниудад мэргэжлээрээ ажиллаж байна. Глобал дэвшилтэт сургууль нь одоогоор гурван дотуур байр буюу кампус (Eumseong, Mungyeong, America), хотын төвд нэг кампустай (Sejong) үйл ажиллагаагаа явуулж буй юм.
ES CAMPUS
MG CAMPUS
US CAMPUS
Дашрамд дурдахад, Глобал дэвшилтэт сургууль нь Монголын Ерөнхий боловсролын сургуулийн 7-10 дугаар ангийн сурагчдыг 90 хүртэлх хувийн тэтгэлгээр суралцуулах гэж буйг дуулгахад таатай байна. Тус сургууль нь Солонгос хэл, Солонгосын түүх, Таеквондогийн хичээлээс бусад бүх хичээлийг англи хэл дээр явуулдаг учир гадаад сурагчдын хувьд хэлний бэрхшээл тулгарахгүй, хичээл завсардахгүйгээр суралцах боломжтойгоороо давуу талтай.
Тэтгэлэгт хамрагдах сурагчид англи хэлний TOEFL-ийн 70 эсвэл DET 95 ба түүнээс дээш оноотой байх шаардлагатай бөгөөд тухайн сургуулиас ярилцлагын шалгалтыг авах юм.
Глобал дэвшилтэт сургуулийн сонгон шалгаруулалтад тэнцсэн сурагчид БНСУ-ын Засгийн газраас зөвшөөрсөн оюутны албан ёсны визтэй болно.
Жич: Монголоос 10 сурагчид л дээрх тэтгэлгийг олгох юм.
Бүртгэлийн хугацаа; 2024.11.11-2024.11.28
ТЭТГЭЛЭГТ хамрагдах сурагчид www.gvcs.mn сайт руу нэвтэрч бүртгүүлэх боломжтой.