АИ-92 бензин стандарт хангахгүй байсан нь тогтоогдсон 9 ААН-ийг 9 сая төгрөгөөр торгожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам танилцууллаа. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналт, шалгалтын ажлын хэсэг энэ оны наймдугаар сарын 6-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 9 аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлжээ. Үүнд:

  • Петростар ХХК, 
  • Магнай трейд ХХК,
  • Шунхлай трейдингХХК, 
  • Содмонгол групп ХХК,
  • М-Ойл групп ХХК, 
  • Жаст-Ойл ХХК, 
  • Синчи-Ойл ХХК, 
  • Монсуль ХХК, 
  • Ойн бирж ХХК

Шинжилгээний үр дүнгээр дээрх 9 аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дмЗ байсан байна. Мөн хэд хэдэн аж ахуйн нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин октан тоондоо хүрээгүй байна. 

Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги буюу катализаторд муугаар нөлөөлдөг байна. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг аж.

Тиймээс ШӨХТГ-аас дээрх 9 аж ахуйн нэгжид холбогдох зөрчлийн хэрэг нээж шалгахад жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь "Хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй бензин, техникийн шаардлага MNS 0217:2017" хэмээх Монгол Улсын стандартын шаардлагыг хангаагүй тул тус бүр 9,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.   

Арилжааны банкуудад албан шаардлага хүргүүлжээ

Мөн  Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд ШӨХТГ-ийн “Хэрэглэгчийн мэдээллийн 1800-1284” төв-д ирсэн санал хүсэлт, гомдолд тулгуурлан арилжааны банкуудад албан шаардлага хүргүүлсэн байна. Үүнд: 

  • Арилжааны банк нь хэрэглэгчидтэй байгуулсан зээлийн гэрээнд заасан буцаан төлөх хуваарьтай хугацаанаас нь өмнө зээлийн төлбөрийг харилцагчийн данснаас татан авах, тухайн сардаа төлөх ёстой зээл төлөлтөөс илүү төлбөр дахин урьдчилан суутган авах зэрэг асуудлыг гаргахгүй байх,
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тариф, хураамж, төлбөрийн талаар хэрэглэгчдэд бодит мэдээллийг ил тод, ойлгомжтой хэлбэрээр хүргэж байх,
  • Даатгалын зуучлалын үйлчилгээ  эрхэлдэг арилжааны  банкууд даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэгч  нарт  зөвхөн өөрийн  хамтран ажилладаг  даатгалын компаниудыг сонгохыг тулгахгүй байх, хэрэглэгч өөрөө даатгалын компани сонгох боломжийг олгох,
  • Үйлчилгээ үзүүлж байгаа харилцагч, хэрэглэгчдэд ариун цэврийн өрөөгөөр үйлчлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах талаар шаардлага хүргүүлжээ. 

Албан шаардлагын дагуу арилжааны банкуудаас үйл ажиллагаандаа тавих хяналтыг сайжруулан ажиллаж байгаа талаар тайлбар хариу ирж байгаа гэв.