УИХ гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ирэх пүрэв гаригт буюу арванхоёрдугаар сарын 27-ний өдрийн 11 цагт Сүхбаатарын талбайд жагсаж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардана гэлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын дарга М.Энхболдоос бид ёс зүйн хариуцлага шаардаж байгаа. Шаардлага маань үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. М.Энхболдыг өөрчлөхийн тулд нэр бүхий 40 гишүүн УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй байсаар сар орчмын хугацаа болж байна. Нэг хүний албан тушаал чухал уу эсвэл төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа чухал уу.
УИХ-ын дарга чөлөөлөгдөж болдог. Бид тэр хуулийнх нь дагуу шаардлага тавьж байгаа. Нэр бүхий УИХ-ын гишүүд, эвсэл хөдөлгөөнүүд, УИХ-д суудалтай намууд нэгдэж МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл”-ийг үүсгэн байгуулсан. Энэ нэгдлээс УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Монгол орон даяар эсэргүүцлийн тэмцэл зохион байгуулна” гэлээ.