Цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгой анхаарууллаа

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ Өнөө шөнө Завханы нутаг, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Булганы  өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгой анхааруулж байна.

2018 оны 12 дугаар сарын 20-ны 20 цагаас 12 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.         

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй, өдөртөө үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Дундговийн нутгаар хүйтэрч 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна. 

2018 оны 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 25-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 24-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.