Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаатай ярилцлаа.
-Татварын ерөнхий хуульд худалдаа үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага бүр цахим төлбөрийн баримт хэвлэх кассын машинтай байх ёстой гэдэг чухал заалт бий. Гэтэл төлбөрийн баримт олгодоггүй худалдааны зах, төвүүд пос машиныг үнэтэй гэдэг. Заавал үнэтэй пос машин авах ёстой гэсэн үг үү?
-Татвар төлөгчид боломжийн үнэтэй, хэрэглээндээ тохирсон кассын болон пос машиныг сонголтоороо хэрэглэх боломжтой. Дотоодын кассын систем нийлүүлэх эрх бүхий аж ахуйн нэгжүүдээс судлан, өөрт тохирсон боломжийн үнэ бүхий төхөөрөмжүүдээс сонголт хийж болно. Зах худалдааны төвд бизнес эрхэлж байгаа иргэд гар утасны аппликейшнээрээ төлбөрийн баримтыг худалдан авагчдадаа олгох боломжтой болсон. Жишээ нь, 100 айл, Барс худалдааны төв нь худалдан авагчдадаа гар утасны аппликейшн ашиглан баримт өгч байна. Одоогоор Дүнжингарав худалдааны төв холбогдож эхлээд байна.
-Хямдралтай бараа бүтээгдэхүүнд төлбөрийн баримт өгдөггүй. Энэ тохиолдолд төлбөрийн баримтыг заавал авах ёстой юу?
-Энэ бол зөрчил гэдгийг анхааруулмаар байна. Ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа бол төлбөрийн баримт өгөх ёстой хэмээн хуульд заасан байдаг учраас худалдаа, үйлчилгээ эрхэлж буй хуулийн этгээд төлбөрийн баримтыг заавал өгөх ёстой. Тиймээс хямдруулсан бараа үйлчилгээг худалдан авсан хэрэглэгчдэд төлбөрийн баримт өгөхгүй гэж хэлж болохгүй. Иргэдийн хувьд заавал төлбөрийн баримтаа авах үүрэгтэй.
-Зарим худалдааны төв Е-баримтыг нь олгохгүйгээр бараа бүтээгдэхүүнээ 10 хувь хөнгөлдөг. Иргэд худалдан авалтын хөнгөлөлт авсан ч төлбөрийн баримтаа авах эрхтэй юу?
-Баримт олгохгүй байна гэдэг нь өөрөө зөрчил юм. Ямар нэгэн байдлаар борлуулалт хийж, үйлчилгээ үзүүлж байгаа бол заавал төлбөрийн баримт олгох ёстой. Нөгөө талаас үйлчлүүлэгчид төлбөрийн баримтаа нэхэх хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр олгосон ч хуульд зааснаар баримт өгөх үүрэгтэй. Хэрэв төлбөрийн баримт олгоогүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.
-Иргэд, аж ахуйн нэгжийн буцаан олголттой болон сугалаанд оролцох эрхтэй баримтаа хэрхэн ялгах вэ. Мөн тухайн баримтыг аж ахуй нэгж илгээгээгүй гэсэн асуудал иргэдийн дунд түгээмэл байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Энэ тохиолдолд татвар төлөгч, худалдан авагчдын хувьд төөрөлдөх асуудал байдаг. Сугалааны дугаартай, буцаан олголттой баримтыг НӨАТ-ын суутган төлөгч газрууд олгодог. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, иргэдийн жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрсэн НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн болон аж ахуй нэгжээс авсан төлбөрийн баримт нь буцаан олголтын хоёр хувь болон сугалааны дугаар бүхий баримт олгогдоно. Мөн жилийн орлого нь 50 сая төгрөгт хүрээгүй, НӨАТ суутган төлөгч биш иргэн, аж ахуйн нэгжээс худалдан авсан бараа үйлчилгээнд олгогдсон төлбөрийн баримт зөвхөн сугалаанд оролцох баримт олгож байгаа. Ер нь татвар төлөгчид ebarimt.mn цахим хуудсаар орж мэдээллийг маш сайн авч байх хэрэгтэй. Хоёрдугаарт, аж ахуй нэгж илгээгээгүй гэсэн тохиолдолд баримтаа устгаад дахин давтагдашгүй дугаар бүхий 32 оронтой дугаараар дахин бүртгүүлэх боломжтой. Хэрэв засагдахгүй байвал харьяа дүүргийнхээ Татварын хэлтэст хандах болон 1800-1288 дугаарт холбогдож гомдол бүртгүүлэн шийдүүлэх боломжтой.
-НӨАТ-ын буцаан олголтоор 2017 онд авч чадаагүй иргэдийн урамшууллыг олгохоор яригдаж байгаа. Тиймээс мэдээллээ баталгаажуулсан байх шаардлагатай гэсэн санамж бичгийг иргэдэд цахим хаягаар нь мэдэгдсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?
– НӨАТ-ын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын хоёр хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг. 2017 онд нийт 272 сая 697 мянга 943 баримт хэвлэгдэж, иргэд 169 сая 370 мянга 846 баримтыг е-баримтын системд бүртгүүлэн баталгаажуулсан. Үүнээс 6117 иргэний мэдээлэл зөрүүтэй байсан тул 2017 онд авах нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монгол банкнаас гүйлгээ хийх явцад буцаагдсан байна. Мөн НӨАТУС буюу сугалаанд оролцож, хонжвор таарсан иргэдийн 2143 нь мэдээллээ баталгаажуулаагүй, эсхүл данс, нэр зөрсөн зэрэг иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан зүйлээс шалтгаалан урамшууллаа авч чадаагүй. Иймд дээрх иргэдийн е-баримт бүртгүүлдэг апп руу санамжийг илгээсэн.
–Энэ жилийн хувьд нийт хэчнээн баримт бүртгэгдээд байна?
-Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 362 сая 832 мянга 639 баримт хэвлэгдэж 238 сая 737 мянга 388 баримт баталгаажсан байна.
-Сугалааны тохирлоор азтан болсон ч баримтаа үрэгдүүлсэн тохиолдолд яах вэ. Иргэдийн зүгээс ямар асуудлаар ихэвчлэн хандаж байна?
-Сугалааны тохиролд 200 мянган төгрөгөөс доош хонжвор хожсон хүмүүсийг мэдээллээ цахимаар баталгаажуулан тухайн иргэний бүртгэлтэй дансанд урамшуулал нь тодорхой хугацааны дараа шууд орно. Энэ мөнгөн дүнгээс дээш хонжвор хожсон иргэдээс баримт шаарддаг. Хэрэв баримтаа цуглуулахгүй хаясан бол Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төвийн улсын үйлдвэрийн газраас /ГТСМТТ-УҮГ/ дахин хэвлүүлж авах боломжтой. Иргэдийн зүгээс дийлэнх нь нууц үгээ мартсан, цахим хаяг руугаа нэвтэрч орж болохгүй, аж ахуй нэгж илгээгээгүй төлөвтэй баримт байна гэсэн асуудлаар ханддаг. Тэгэхээр цахим хаяг руугаа нэвтэрч орох нууц үгээ мартсан бол бүртгэлтэй утасны дугаараас асуултын тэмдгийг 131313 дугаарт илгээж нэвтрэх нэр, нууц үгээ авах боломжтой.
-Дэлгүүр худалдааны төвүүдийн ажилчид хэрэглэгчийн үлдээсэн баримтыг их хэмжээгээр бүртгүүлж, олон удаагийн хонжвор хожих тохиолдол гарч байсан. Тухайн иргэний өмнөөс аж ахуй нэгж байгууллагын ажилчид баримтыг нь бүртгүүлсэнтэй холбоотой гомдол хэр их гардаг вэ?
-Хэрэв ийм тохиолдол гарсан бол гомдлоо мэдүүлж, тухайн баримтаа шалгуулж, ямар иргэн дээр бүртгэгдсэн байна гэдгийг шаардлагатай бол мэдэх боломжтой. Харьяа дүүргийн татварын алба болон 1800-1288 дугаарт хандан гомдлоо бүртгүүлж болно.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар