ЭМЯ: Гадаадаас ирсэн иргэнээс улаанбурханы тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүхий иргэнийг долдугаар сарын 30-нд Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д тусгаарласан байна. Тусгаарлагдсан иргэн нь 47 настай эрэгтэй, /2024.06.25-2024.07.20 хүртэл/ АНУ болон Казахстан улсад зорчиж байгаад Алматы хотоос Улаанбаатарт ирсэн маршруттай байна. Түүний шинжилгээний хариу улаанбурхан мөн болохыг тогтоосон. Эрсдэлийн үнэлгээ хийхэд дунд эрсдэлтэй, идэвхжилийн нэгдүгээр зэрэгт шилжиж байна гэв.

Батлагдсан тохиолдлын голомтыг тодорхойлох тандалт судалгааг хийж байгаа ба улаанбурхан өвчин халдварын зэрэг өндөр учраас тус өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй, тус өвчнөөр өвдөж байгаагүй иргэд халдвар авсан хүнтэй ойр байсан тохиолдолд халдвар авах өндөр эрсдэлтэй аж. Тиймээс ойрын хавьтлын 52 хүнийг илрүүлж, тэдний хавьтлууд болох 100 гаруй хүнийг тодорхойлон халдвараас сэргийлэх үүднээс вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. Хавьтал болсноос хойш 72 цагийн хугацаанд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт хийх шаардлагатай байдаг гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа хэллээ.  Мөн улаанбурхан өвчин Covid-19 цар тахлын дараа эрчимжиж буй халдварт өвчин болж байна гэв.

2023 оны байдлаар 173 улс оронд нийт 330 мянга гаруй тохиолдол батлагдаж, 2024 онд эхний долоон сард 178 оронд 341 мянган сэжигтэй тохиолдлын 200 гаруй мянга нь батлагдаад байна. Уг өвчний хамгийн өндөр идэвхжилтэй байгаа орнуудад Азербайжан, Киргиз, Казахстан, Йемен, Ирак, Румын, Экваторын Гвиней, Армени зэрэг улсууд байна.

Тиймээс дээрх улсуудад зорчих иргэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байна.

Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар дамждаг, туйлын халдварт өвчин учраас иргэд хувийн ариун цэврийг сайтар хангах, олон нийтийн газар амны хаалтаа зүүхийг зөвлөж байна.

Улаанбурхан өвчний эсрэг вакцины товлолт хугацаа нь 9 сартай, 2 настай хүүхдэд хийдэг. Хэрэв хийлгээгүй бол хамгийн ойр эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмнэлэгт хандаж вакцин хийлгэхийг зөвлөлөө. Өнгөрсөн жил олон улсад уг өвчний дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор ЭМЯ-наас нэмэлт дархлаажуулалтыг 300 мянга гаруй хүүхдэд хийсэн. Хэрэв товлолт хугацаанаас хоцорсон, хоёр дахь тунгаа хийлгээгүй бол яаралтай хийлгэхийг ЭМЯ-наас анхаарууллаа.

Мөн дээрх өвчний халдвар авсан тохиолдолд халуурах, биеэр гүвдрүү гарах, ханиалгах зэрэг шинж тэмдэг үзүүлдэг байна. Иймд дээрх шинж үзүүлсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгулулагад хандахыг зөвлөлөө.