Өнгөрсөн 9 дүгээр сард багш, ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхийн төлөө ажил хаяж, асуудал нэлээд даамжирсны эцэст Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд цалин хөлс нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээрийг бүртгүүлснээр хэсэгтээ намжсан билээ.
2019 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ 267 тэрбум төгрөгөөс доошгүйгээр эх үүсвэрт тусгах, боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагчдын цалин хөлсний зөрүүг арилгах 14.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр нь Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор нэмэгдсэн цалингийн доод жишгээс 6.48 хувиар нэмэгдүүлэх тодорхой шийдвэр гаргасан байдаг.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нь аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан чиглэл хүргүүлсэн ч Сангийн яамнаас захиран зарцуулах эрхийг өгөхгүй байгаагаас зарим аймагт дээрх шийдвэр хэрэгжихгүй байсаар өнөөг хүрчээ. Дархан-уул, Завхан, Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод аймгийн хөдөлмөрчдөөс энэ талын гомдол саналыг ҮЭ-ийн салбар болоод дээд байгууллагуудад байнга ирүүлэх болсон байна.
Боловсролын салбарынханд ногдож буй энэ нэмэгдлийг шинжлэх ухааны салбарын ажилтнуудад өнөөг хүртэл огт олгоогүй байна. Тэдний нэмэгдэлд нийтдээ 279 сая төгрөг шаардагдаж байгаа ч олгохгүй байгааг ялгаварлан гадуурхалт гэж үзэж байгаа аж.