Өнөөдөр 11.40 цагт МАН-ын бага хурал 369 гишүүний 63.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд хэвлэлийнхэн болон жирийн гишүүдэд хаалттайгаар үргэлжилж байна.
Хурлын эхэнд намын дарга У.Хүрэлсүх илтгэл тавьсан бөгөөд тэрбээр илтгэлийнхээ эхэнд хийж бүтээсэн зүйлийнхээ танилцуулсан бол хоёр дахь хэсэг дээрээ шударга ёсны талаар илтгэл тавьжээ.
Тэрбээр "Ардын нам ардын нам байх ёстой, олигархуудын биш. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсэж байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүс намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс намд байна. Ийм байж болохгүй. Энэ миний хүслээс гадна ард түмний маань хүсэл.
Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна. Энэ бол хойч ирээдүйд маань хортой. Үүнийг таслан зогсооно. 2016 онд мордохын хазгай болсон. Намын дарга Ерөнхий сайд болох байсан. Болоогүй. Дараа нь 2017 оны сонгуульд ялагдсан" хэмээсэн байна.
Одоогоор хурал түр завсарлаад байгаа бөгөөд завсарлагааны үеэр зарим гишүүд У.Хүрэлсүхээс түүний дүү Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан эсэх асуудлыг тодруулсан байна.
Харин энэ талаар У.Хүрэлсүх хариулахдаа:
"Би аав, ээжээс тавуулаа. Том ах маань тэтгэвэртээ гарсан. Одоо таксинд явж халтуур хийдэг. Эгч маань мөн тэтгэвэртээ суусан. Одоо Солонгост ажиллаж, амьдардаг. Бага дүү маань Барилга, хот байгуулалтын яаманд ажилладаг. Хар багаасаа төрд ажиллаж өөрийн мөнчгөрөөрөө төрд ажиллаж яваа хүн. Нөгөө дүү маань хувиараа бизнес хийдэг. Жилдээ дөрвөн удаа л уулздаг. Цагаан сар, наадам, шинэ жил, хааяа сайхан зан хөдөлсөн үедээ уулздаг. Үнэхээр ЖДҮХС-гаас зээл авсан зүйл байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагаар шалгуулаарай гэж хэлсэн. Хэдэн ах, дүү нар маань бие биедээ гай болчихгүй юмсан гэж мөрөөрөө л ажиллаж амьдардаг. Тиймдээ ч тэр бүр уулзалдаж чадахгүй л явдаг" гэжээ.
МАН-ын Бага хурал завсарлаж байгаа бөгөөд завсарлага дуусахаар 44 гишүүн үг хэлэхээр нэрээ өгөөд байгааг эх сурвалж мэдээллээ.