УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар салбарын яамдын мэдээллийг сонссон юм. Энэ үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан дараах мэдээллийг хийлээ.
Тэрбээр, 2018-2019 оны хичээлийн жилээс ЕБС-иудад эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг бие даасан хичээлээр судалж эхэлсэн. Эрүүл мэндийн хичээлийг:
- Хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд
- Хооллолт ба хөдөлгөөн
- Хорт зуршил
- Сэтгэцийн эрүүл мэнд
- Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд
- Аюулгүй байдал ба анхны тусламж гэсэн зургаан том агуулгын хүрээнд зааж байна.
Сэтгэцийн эрүүл мэнд, Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, Аюулгүй байдал ба анхны тусламж сэдвийн хүрээнд хүүхдүүд өөрсдийгө хэрхэн хамгаалах чадварт дөрөвдүгээр ангиас нь сургаж байна. Мөн 2018-2019 оны хичээлийн жилээс ЕБС-ийн сурагч аюулгүй амьдрах ухааны хичээлийг судалж эхэлсэн. Энэ нь ахуйн орчны аюулгүй байдал, нийгмийн орчны, байгаль цаг уурын аюултай үзэгдэл, хүний үйл ажиллагаатай холбоотой аюултай үзэгдлээс хүүхэд өөрийгөө яаж хамгаалах талаар хичээл юм.
Салбарын сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчны эрсдэлийн үнэлгээг улсын хэмжээнд хийсэн. Үнэлгээгээр улсын хэмжээнд дунд сургуулийн 11.4 хувь нь их эрсдэлтэй, 57.6 хувь нь дунд эрсдэлтэй, 31 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн.
Өнгөрсөн наймдугаар сараас хойш эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг багасгах талаар арга хэмжээ авахыг шахаж ажиллаж байна. Мөн шинээр баригдаж буй цэцэрлэг, сургуулиудад стандартыг хангаж ажиллах талаар чиглэл өгч байна гэлээ.