Мөнгөний бодлогын хороо нээлттэй захидал гаргажээ

Төв банкны бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангах, шийдвэрийн үндэслэлийг олон нийтэд тайлбарлах зорилгоор Мөнгөний бодлогын хорооноос 2018 онд гаргасан бодлогын шийдвэрүүд, тэдгээрийн үндэслэл, эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг нэгтгэн нээлттэй захиаг гаргажээ.Уг захидалд,


Монгол Улсын банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 5 дугаар сард Монголбанкны Мөнгөний бодлогын хороог байгуулсан юм.

Төв банкны бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангах, бодлогын шийдвэрийн үндэслэлийг олон нийтэд тайлбарлах зорилгоор Мөнгөний бодлогын хорооноос 2018 онд гаргасан бодлогын шийдвэрүүд, тэдгээрийн үндэслэл, эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг нэгтгэн энэхүү нээлттэй захиаг уншигч Танд хүргэж байна. 2018 онд мөнгөний бодлогын шийдвэрүүдийг гаргасны зэрэгцээ банкны секторт хуримтлагдаж болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор макро зохистой бодлогын холбогдох арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүллээ.

Энэ оны эхний улиралд гадаад худалдааны түнш орнуудын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, экспортын голлох бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж, уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь төлбөрийн тэнцэл болон эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэв. Үүний зэрэгцээ төсвийн бодлогын чанга төлөв үргэлжилж, аж ахуйн нэгжийн зээлийн өсөлт сэргэхгүй байсан тул бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 10 хувь болгон бизнесийн идэвхжлийг дэмжих шийдвэрийг 3 дугаар сард гаргасан юм.

Уул уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж, экспортын зарим бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн, улсын зээлжих зэрэглэл дээшилсэн нь зах зээлд оролцогчдын итгэл сэргэхэд нөлөөлсөн юм. Дотоод эрэлтийн тэлэлт, инфляцийн төлөв байдлыг харгалзан Мөнгөний бодлогын хороо 6 болон 9 дүгээр саруудад бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь бизнесийн зээлийн сэргэлт, ажил эрхлэлтийн өсөлтийг баталгаажуулах нөлөө үзүүллээ.

Харин хэрэглээний зээлийн өсөлт сүүлийн 2 жилийн хугацаанд эрчимжиж, зээлийн төлбөр, өрийн үлдэгдэл өссөн нь нэг талаас эдийн засгийн сэргэлт, дотоод эрэлтийн өсөлтөд дэмжлэг үзүүлсэн хэдий ч иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байлаа. Түүнчлэн хэрэглээний зээлийн өсөлт хэрэглээний импортыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэл, валютын ханшинд дарамт учруулан, зээлийн хэт өсөлтийн улмаас банкны системд эрсдэл хуримтлагдаж болзошгүй байв. Ийм нөхцөлд бодлогын хүүг нэмэгдүүлж нийт зээлийн өсөлтийг хязгаарлахаас илүүтэй, хэрэглээний зээлд чиглэсэн макро зохистой бодлогын хэрэгслийг нэвтрүүлэх нь бодлогын оновчтой сонголт гэж үзэн Мөнгөний бодлогын хорооны 6 болон 9 дүгээр сарын хуралдаанаар цалин, тэтгэвэр, хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувь, хугацааны хязгаарыг 30 сар байхаар тогтоолоо. Түүнчлэн гадаад  валютын орлогогүй иргэд, ААН-үүдийн гадаад валютын зээлтэй холбоотойгоор банкны систем болон макро эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Мөнгөний бодлогын хорооны 9 дүгээр сарын хуралдаанаар ханшийн эрсдэлтэй зээлдэгчдэд олгосон валютын зээлийн эрсдэлийн жинг 120 хувиас 150 хувь болгон нэмэгдүүллээ. Банкуудын эх үүсвэрийн долларжилтыг бууруулах сэдлийг төрүүлэх, валютын ханшийн огцом хэлбэлзлийг сааруулах зорилгоор Мөнгөний бодлогын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын хурлаар заавал байлгах нөөцийн шаардлагыг гадаад валютын эх үүсвэрт өндрөөр буюу 12 хувиар, төгрөгийн эх үүсвэрт 10.5 хувиар тогтоосон юм.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт үргэлжлэн нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг даган хөрөнгө оруулалт тэлж, улмаар эдийн засгийн өсөлт эрчимжиж байсан хэдий ч гадаад орчны эрсдэл нэмэгдэв. АНУ болон БНХАУ-ын хооронд 2018 оны эхнээс эрчимжсэн худалдааны маргаан гүнзгийрсээр 7 болон 9 дүгээр саруудад тарифын хязгаарлалтууд хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд нефтийн үнэ өсч, зэс, алтны үнэ буурснаар манай улсын худалдааны нөхцөл, гадаад эрэлтэд сөргөөр нөлөөлж төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах дарамтыг нэмэгдүүлж эхэлсэн юм.

Дэлхийн хоёр том эдийн засгийн хоорондох худалдааны зөрчилдөөн гүнзгийрч, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь хөгжиж буй орнуудын хувьд хөрөнгийн орох урсгал саарах, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулрах нийтлэг хандлагыг бий болгож байна. Төлбөрийн тэнцлийн дарамт ихэссэн ийм нөхцөлд нүүрсний экспортод тавигдсан хил дээрх хязгаарлалт болон дотоодын улс төрийн нөхцөл байдал зах зээлд оролцогчдын итгэлд сөргөөр нөлөөлж төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах дарамтыг нэмэгдүүлсэн. Энэ үед Монголбанк санхүүгийн болон үнийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ханшийн огцом савлагаа үүсч даамжирахаас сэргийлж мөнгөний бодлогын арга хэрэгсэл болон валютын захын оролцоог хослуулсан арга хэмжээг авсан юм. Тухайлбал, Мөнгөний бодлогын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит бус хурлын бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөн төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэр нь үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж, макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг болно гэж үзэж байна. Түүнчлэн, эрэлт нийлүүлэлтийн түр зуурын зөрүүнээс үүдэлтэй ханшийн савлагааг тогтворжуулах үүднээс 11 дүгээр сар гарснаас хойш 420 гаруй сая ам.долларыг валютын захад нийлүүлээд байна. Хэдийгээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш оны 8.4 хувиар суларч, ДНБ-ий бодит өсөлт 3-р улиралд 6.7 хувьд хүрч идэвхжсэн боловч салбаруудын өсөлт жигд бус, үнийн түвшний өсөлтийг өдөөж буй эрэлтийн шинж чанартай инфляци харьцангуй бага хэвээр байв.

Иймд 12-р сарын ээлжит хурлаар Мөнгөний бодлогын хороо өмнөх бодлогын шийдвэрүүдийн үр дүн, инфляцид нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхэжилтийг харгалзан бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь макро эдийн засгийг дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн өмнөх шийдвэртэй нийцтэй юм. Хэдийгээр нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйл инфляцийн талаас илүү хувийг тодорхойлж байгаа боловч цалингийн өсөлт, шатахууны үнийн өсөлт зэрэг нь инфляцийн дарамтыг цаашид нэмэгдүүлэх эрсдэл үүсвэл Мөнгөний бодлогын хорооноос инфляцийг 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн шийдвэрийг гаргах болно.

МОНГОЛБАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО