Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан хүн амины хэрэгтэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг намаас нь УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвшүүлэхээс татгалзаж, эгүүлэн татсан. Учир нь Сант сумын АН-ын дарга Б-гийн амь насыг хохироосон хэрэгт холбогдоод буй О нь УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшиж буй Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан юм.
Харин өнөөдөр нэр дэвшигч Г.Сайханбаяр "Сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлнэ. Өрсөлдөнө" гэдгээ илэрхийлсэн. Гэтэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоох албан бичгийг СЕХ-нд хүргүүллээ. Тэрбээр "МАН-ын сонгуулийн төв штабаас хоёр өдрийн өмнө улстөрийн шийдвэр гаргасан. Өвөрхангай аймгийн Сант суманд болсон золгүй явдалтай холбоотой гэдгийг олон нийтэд хандаж, мэдэгдэл хийж байсан. МАН-аас нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярыг сонгуулийн штабтай гэрээ байгуулан ажиллаж байсан О нь гэгч нь гэмт хэрэгт холбогдсон тул нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Уг шийдвэрээ СЕХ-нд хүргүүлж байна" гэлээ.