Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13,000 жолооч нүүрс тээвэрлэдэг. Эдгээр жолооч нар, болон суурин амьдардаг хоёр мянган иргэн, цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн албан хаагчиддаа урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас газар дээр нь ажиллаж байна.
УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран 7 хоногийн турш ажиллана. 20 чиглэлээр үзлэг, 10 гаруй шинжилгээ хийхээр болсон байна.
Шаардлагатай эмчилгээ хийж, эмчийн заавраар эм тариа ч өгөх юм байна. Энэ бүх зардлыг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Монгол” ХХК хариуцаж байгаа аж.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үзлэгийн үеэр хэлэхдээ “Ар гэрээсээ амьдралын эрхэнд хол байгаа жолооч нар маань их баярлаж байна. Хүнд хүчир хөдөлмөр эрхэлж улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа эрчүүд минь юм шүү дээ. ЗТЯ-наас жолооч нар болон хөдөлгөөнт хүн амд үйлчлэх цогцолбор барьж байна. Тус цогцолборт эрүүл мэндийн байнгын ажиллагаатай төв бий болно” гэдгийг онцоллоо.