Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжинэ

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан 12 дугаар сарын 14-ний өдөр Азийн хөгжлийн банкны нийгмийн хөгжлийн мэргэжилтэн ноён Есүкэ Тажима болон бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

   Тус уулзалт нь Эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийг албан ёсоор эхлүүлэхээс өмнөх уулзалт юм. Төслийн хүрээнд нийт 2 сургууль, 5 цэцэрлэгийг Баянзүрх, Сонгино хайрхан, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймагт шинээр барих ба 8 сургууль, 18 цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүргүүд болон Алтай, Говьсүмбэр, Сайншанд суманд хийж гүйцэтгэнэ. Мөн  сургалтын шинэчлэгдсэн хөтөлбөрийг эцэслэн дуусгаж, түүнд дагалдах сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах юм.

   Энэ удаагийн уулзалтаар ирэх оны төлөвлөгөөг батлах, санхүүжилтийг шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг 2019 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт шийдвэрлэж, төслийг нэгдүгээр сардаа багтаан албан ёсоор нээхээр тохиролцлоо. Үүний дараа ажлаа шуурхайлах хэрэгтэйг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан зөвлөсөн юм.

   Тус уулзалтаар мөн Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах төслийн талаар ярилцлаа. Мастер төлөвлөгөө боловсруулах дэд ажлын хэсгүүд байгуулагдаж ажил эрчимтэй явж байгааг энэ үеэр онцоллоо.