Бичил уурхайчид сумаа хөгжүүлж байна

Алт, нүүрсний уурхайгаараа алдартай Шарын гол хэмээх сум Улаанбаатар хотоос баруун тийш 230 гаруй км-т бий. Дархан Хайрхан уулын бэлд орших энэ жижиг сум 10 мянга шахам хүн амтай. Монголдоо хамгийн анхны, том, ил уурхайг түшиглэсэн, дэд бүтэц сайтар хөгжсөн хотожсон газар. 

Идэр ес эхлэхээс яг нэг сарын өмнө буюу өнгөрсөн арваннэгдүгээр сарын дунд үе, цаг агаар тачигнаагүй ч цаанаа л нэг жихүү татсан өдөр Шарын гол сумын бичил уурхайчдын сайн туршлагатай танилцахаар жолоо заллаа.   

Саяхныг хүртэл нинжа гэж нэрлэгдэж байсан бичил уурхайчид сумынхаа эмнэлэгт сар хэрэглэх эм тариа авч өгөн, машин явах аргагүй болсон замыг өөрсдөө засч, сумандаа фитнесс, спининг клуб хүртэл нээнэ гэж хэн ч таамаглаагүй байх. Ирэх жилээс тэд нөхөн сэргээлт хийсэн талбай дээрээ хүнсний ногоо, жимс жимсгэний мод, бут тарьж, ургуулахаас гадна гахай, тахиа үржүүлж сумынхаа иргэдийн хүнсний хэрэгцээг хангана. Бүр болоогүй Шарын гол сумынхаа бренд бүтээгдэхүүнийг гаргаж яагаад болохгүй гэж хэмээн ярьцгааж байв.

Бидний энэ хүртэл ирсэн гол зорилго дээрх ажлыг зохион байгуулж, бичил уурхайчдыг нэгэн дээвэр дор нэгтгэж байгаа “Буянтын хөндий Шарын гол” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа тэргүүтэй бичил уурхайчидтай уулзах байлаа. 

Ийнхүү бид Шарын гол сумын өнөөгийн нөхцөл байдал, хөгжил хийгээд бичил уурхайчид гэж нэрлэгдээд буй иргэдийн талаар ярилцлаа.

О.Цэцэгмаа эгч маань анх 2006 онд нөрхийгөө дагаж тус суманд амьдрахаар ирсэн аж. Тэрээр олон жил олон нийттэй харилцах ажил хийж байсан учраас сумын ИТХ дарга нь нинжа нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажлыг даалгасан гэнэ. Тэр үеэс хойш өдгөө 10 гаруй жилийн турш бичил уурхайчдын төлөө явж буй нь энэ аж.

Тэрээр энэ талаар “Нинжа гэх тодотголтой бичил уурхайчид маань ямар ч зохион байгуулалтгүй, хөөгдмөл, туугдмал, олсон жаахан орлогоо хураалгадаг, архидалт, осол аваар ихтэй, ер нь их хэцүүхэн байсан л даа. Тэгээд бид эхний ээлжинд бүртгүүлж, дараа нь нинжа нарынхаа дуу хоолойг төрд хүргэх талаас нь ажиллаж эхэлсэн. Яг тэр жилээс хойш 10 жил өнгөрсөн байна. Өнгөрсөн намар манайх 10 жилийнхээ ойн бэсрэг наадмыг хийсэн. Би чинь өмнө хашааны шонгийн нүх ухаж л байснаас биш алтны нүх ухаж үзээгүй хүн байлаа шүү дээ. Өнөөдөр энэ хэд маань миний амьдралын нэг хэсэг болсон байна. “ гэв.

Тал талаас ирсэн бичиг уурхайчид буюу нинжа нарыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулахад хүндрэлтэй байсан уу?

- Мэдээж хүндрэл, бэрхшээлтэй үе байсан. Зарим нь зохион байгуулалтад орох сонирхолгүй байгаагаас байгаль орчноо сүйтгэдэг, хаа дуртайгаа очиж ухаж төнхдөг байсан нь үнэн.  

Ер нь манай бичил уухайчдад хамгийн их тулгамддаг асуудал нь газрын асуудал л даа. Зөвшөөрөгдөөгүй талбай дээр экске, усан буу, хоовойтой хүн ирээд би бичил уурхайчин гээд ороод ирдэг. Зөвшөөрөлгүй газрыг том тоног төхөөрөмжөөр ухаж сэндийчээд яваад өгчихдөг. Ингээд нөгөө хууль дүрэм журмынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж бичил уурхайчдын нэр хүндэд халдаж, үргэлж удаа дараа болдог. Энэ асуудалд төр засгаас анхаарч хараасай гэж боддог.Буянтын хөндий Шарын гол ТББ-т өдгөө 1100 гаруй бичил уурхайчин ажилладаг бөгөөд тэдний дунд хөгжлийн бэрхшээлтэй, хөгшин, залуу, ядуу буурай янз бүрийн л хүмүүс харьяалагддаг. Дархан, Сэлэнгэ, Хөтөл, Хөвсгөлөөс хүртэл бичил уурхайчид зорин ирсэн байгаа аж. 

Төр засгаас хамгийн анх бичил уурхай эрхлэгчдийн амьдралыг өнгийж харсан нь 2008 он аж. Тухайн үед Засгийн газар 72  дугаар түр тогтоол гаргаж хувиараа ашигт малтмал эрхлэгч иргэдийг нэгдсэн зохион байгуулалтанд орох ёстой гэсэн түр журмыг гаргаж байжээ.

Дараа нь 2012 онд Ашигт малтмалын тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулж, бичил уурхайчин гэж хэнийг хэлэх бэ гэдгийг тодорхойлж өгчээ. Гэтэл 2013 онд Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бичил уурхайчдын тухай нэг ч үг үсэг байгаагүй гэнэ.

Үүнээс үүдээд орон нутагт байгаа ТББ-ууд тухайн орон нутгийнхаа удирдлагад хандаж, бидэнд ийм боломж байна, ийм зүйлээр хангаж өгөөч гэхээс өөрөөр дуу хоолойгоо хүргэж чаддаггүй байсан юм билээ. Харин өнөөдөр ихээхэн зүйл өөрчлөгдөөд байгааг О.Цэцэгмаа онцолж байлаа. Тэд одоо Засгийн Газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг аж.

 

“Бичил уурхайчдын өчигдөр ба өнөөдөр”

Энэ жил зун тэд 10 гаруй кг алтыг Монгол банкинд тушаажээ. Энэ талаар 20 гаруй жил алтанд явж байгаа Ч.Цэнгэлмаа эгч маань ийн ярьсан юм.  

“Хот руу явж алтаа тушааж чаддагүй байсан болохоор ченжийн хэлсэн үнээр алтаа тушааж явсан цаг бидэнд бий. Монгол банкинд тушаадаг байсан үгүйг мэдэхгүй ч Хятадуудад өгчихдөг гэж сонсож л байлаа. Гэхдээ одоо бид чинь утаснаасаа ханшаа харчихдаг бас болоогүй цаг гарам явж очоод л алтаа тушаачихдаг болсон."  гэв. 

Тэр бол зохион байгуулалтгүй, эмх замбараагүй байсан үеэс зохион байгуулалтанд орж, нийгмийн хариуцлагатай болон хөгжсөн багагүй урт түүхийн гэрчүүдийн нэг.

Харин Р.Алтангэрэл гуай  "Хүсээд байх сайхан ажил бишээ. Хүнд ажил шүү дээ. Осол аваар ихтэй, аюулгүй ажиллагаа гэдэг зүйл байдаггүй байлаа. 2000 оны эхээр өдөрт нэг хүн. Заримдаа хоёр хүн шороонд дарагддаг үе байдаг байсан. Дүү нь шүрүүпэнд дарагдахад аврах гэж ороод ах нь ороод хамтдаа амиа алдаж байсан үе ч бий. Тэр болгоныг харах тийм таатай биш гэж  хуучиллав. 

Жавартай тачигнах ид өвлийн улиралд олдоц муутай байх нь элбэг. Гэхдээ л энд өвөлдөө 100 гаруй хүн явдаг. Өглөө 8-аас орой 5 цаг хүртэл байдаг. Зун бол цагийн хуваарь илүү уртасгасан цагаар ажилладаг хэмээн тэрээр ярив. Харин бид энэ талаар Цэцэгмаа эгчээс тодруулсан юм. 

Хүн амь нас  эрсдэх, ухсан унах, эсвэл шүрүүп нурах гэх мэт асуудлууд гардаг гэсэн. Ер нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

- Амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл маш их гардаг байсан. Гэхдээ одоо бид хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах үүднээс бичил уурхай эрхлэгчдээ байнга сургалтанд хамруулж, өглөө бүр олс, татах хэрэгслийг нь шалган аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилд нь гаргадаг. Бригадын нэг хүн архи үнэртүүлээд ирвэл тэр бригад тэр өдөртөө ажиллахгүй. Бригадын нэг хүн архи үнэртүүлээд ирвэл тэр бригад тэр өдөртөө ажиллахгүй. Олс нь тасрах дөхсөн харагдвал олсоос солихоос нааш ажилдаа гарахгүй гэх мэтээр бүхий л талаас нь аюулгүй байдлыг нь хангаж ажиллаж байгаа. Зуун хувь аюулгүй биш ч бид энэ тал дээр ахиц гаргасан гэж боддог.

Хэчнээн га газрын зөвшөөрөлтэй авсан бэ, Одоогоор хэдий хэр талбайг нь ашиглаад байгаа вэ?

- Одоогоор бид 5.6 га газар дээр гэрээ хийснээс өнөөдрийн байдлаар 2.8 га газрыг нь хөндсөн байгаа. Бидэнд цаашдаа зорьсон, төлөвлөсөн олон ажил бий. Төр засаг биднийг дэмжээд байвал бид илүү ихийг хийж чадна гэдгээ харуулна.

Нөхөн сэргээлтийг яаж хийдэг вэ?

-Нөхөн сэргээлтийг одоогоор гараар хийж байгаа. Ухасан газраа эргээд шороогоор дүүргэж, оволсон шороо үлдвэл бүгдээрээ нийлж техник оруулаад тэгшилчихдэг л дээ. Одоогооо биологийн нөхөн сэргээлтийг хийж чадахгүй байгаа. Харин ирэх жилээс энэ га газраа хаягдлыг нь бүрэн дүүрэн ашиглачихаад хоршиж аж ахуй эрхлэх гэж байгаа. Энэ газар дээрээ ирэх намар хүнсний ногоо тарина. Гахай, тахиа маллана. Шарын гол сумынхаа хүнсний ногоо, өндөг, гахайн махыг нь хангана. Шарын гол сумынхаа бренд бүтээгдэхүүнийг ч гаргаж болно шүү дээ. Бичил уурхайчид маань зүгээр ухаад зогсохгүй эзэмшил газар дээрээ амжиргааныхаа хоёр дахь эх үүсвэрийг бий болгохоор зорьж, бэлтгэл ажлаа хийгээд эхэлчихсэн байгаа. Харин Шарын голын иргэдээ энэ ажилд түлхүү оролцоосой хэмээн маш их хүсч байна. Манай нийт гишүүдийн 50 хувь Шарын голын уугуул иргэд байдаг шүү дээ.” гэв.

Бидний анхаарлыг татаж байсан бас нэг асуудал бол бичил уурхайчдын тухайн сум, орон нутагт хийсэн ажлууд байсан юм.  

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  маш олон ажлыг хийж гүйцэтгэсэн талаар нь сонссон юм. Ямар ямар ажлуудыг хийсэн бэ?     

- “Манайх байгууллага сум орон нутгийнхаа хөгжилд чиглэсэн олон сайн үйлсийн аян, үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Энэ жил гэхэд бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сумын төвийн хатуу хучилттай замыг засч хүлээлгэн өгсөн. Мөн сумынхаа эмнэлэгт нэг сарын шаардлагатай эм тариаг хандивлалаа. Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх фитнесс, спинингийн өрөөг цагдаагын газартайгаа хамтран нээж өгсөн байгаа.

Ер нь зохион байгуулалтад орсноос хойш бичил уурхайчид маань маш олон сайн үйлсийн аянг зохион байгуулсан,  татвар, даатгалаа ч төлдөг болсон гээд их олон шинэчлэлт энэ салбарт гарсан. Энэ бол зөвхөн наад захын жишээ. Өвөл болж, ханида томууны улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ долоо хоногт бүх уурхайчдаа томуугийн вакцинд хамруулж байна. Бид чинь өглөөнөөс орой хүртэл гадаа ажилладаг учраас эрүүл мэндэдээ сайн анхаарах хэрэгтэй шүү дээ. Ер нь бичил уурхай хэрхэн нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж болдгийг харуулж байгаа гэж боддог. Монгол улсад манайх шиг нэгдсэн зохион байгуулалтад орж ажилладаг өөр газар одоогоор хараахан байхгүй.” хэмээн тэрээр бичил уурхайчдаараа бахархан ярилаа.

Ийнхүү бдиний зорьж ирсэн ажил бүтсэнд баярлахын сацуу эдгээр хүмүүсээр бахархах сэтгэгдэл төрж байсныг нуугаад юун.

Өчигдөрийн нинжачид өнөөдрийн бичил уурхайчид болох энэ замд тэдэнд маш олон асуудал тулгарч байсан ч тэд даваад гарч чаджээ.

Ярилцсан: Н.Ахмарал