Хөгжлийн банк ажлын байрны зорилгоор 27.6 тэрбум төгрөгөөр ХХБ-ны барилгаас хоёр давхрыг худалдан авсантай холбоотой Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч оролцогчдоос гаргасан гомдлуудыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчдийн 2024 оны тавдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болов. Ингэснээр Худалдаа хөгжлийн банк 4.9 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгох ба Н.Мөнхбатад хоёр жилийн хорих ял, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасах, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг 20,000,000 төгрөгөөр торгож, хоёр жил нийтийн албан тулааш эрхлэх эрхийг хасах ял хэвээр үлдэж байна.
Хэргийн талаар сануулбал, Нийслэлийн Прокурорын газраас Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн магадлал дахь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 4.9 тэрбум төгрөг хэмээн шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж байв.
Энэ нь 2015 онд Хөгжлийн банк ажлын байрны зорилгоор Худалдаа хөгжлийн банкны барьсан барилгаас хоёр давхрыг 28 тэрбум орчим төгрөгөөр худалдан авсантай холбоотой хэрэг юм. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 2-7-ны өдөр хэлэлцээд Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийг хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хуралдуулж, тендер шалгаруулалт явуулахгүйгээр ХХБ-наас зах зээлийн үнээс өндөр үнээр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэх хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 4.9 тэрбум төгрөгөөр тогтоон, ХХБ-наас гаргуулах, Н.Мөнхбатад дөрвөн жил, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт хоёр жилийн хорих ял ногдуулах шийдвэрийг гаргасан.
Уг шийдвэрийг шүүгдэгчид, түүний өмгөөлөгчид болон хохирогч Монгол Улсын Хөгжлийн банк, иргэний хариуцагч ХХБанк эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийн гэм буруу болон хохирлын хэмжээтэй холбоотой хэсгийг хэвээр үлдээж, Н.Мөнхбатад оногдуулсан дөрвөн жилийн хорих ял, дөрвөн жил нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хасах ялыг тус тус хоёр жил болгон бууруулж, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг 20,000,000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж, тэдэнд ногдуулсан, хоёр жил нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хасах ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Эдгээр шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магдадлалыг талууд эс зөвшөөрч, Улсын Дээд шүүхэд хандсаныг 2024 оны тавдугаар сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд, гомдлуудыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Уг асуудлаар Хөгжлийн банкнаас гаргасан гомдол нь тус гэмт хэргийн үр дүнд ХХБ болон Хөгжлийн банкны хооронд байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцон, байр худалдан авсны төлбөрт шилжүүлсэн 27.6 тэрбум төгрөгийг гаргуулах, тус мөнгөн хөрөнгийг 2015 оноос хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ашигласан байсан бол олох байсан орлогод 29.5 тэрбум төгрөгийг ХХБ-наас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэв хяналтын шатны шүүх Хөгжлийн банканд учирсан хохирол 4.9 тэрбум төгрөг гэж дүгнэх тохиолдолд тус мөнгөн хөрөнгийг 2015 оноос хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ашигласан бол олох байсан орлогод 5.3 тэрбум буюу нийт 10.2 тэрбум төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахыг хүсжээ.
Гэвч уг хүсэлтийг хэлэлцэхээс татгалзсан тул Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийн өмнөх шийдвэрүүд хүчин төгөлдөр болох буюу Н.Мөнхбатыг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих, Б.Шинэбаяр, Ч.Отгочулуу нарыг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, тус бүр 20 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэж байна. Түүнчлэн шүүгдэгч нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласны улмаас өөртөө давуу байдал бий болгоогүй боловч ХХБ-нд давуу байдал бий болгосон тул үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээний зөрүү болох 4.9 тэрбум төгрөгийг ХХБ-наас гаргуулж, Хөгжлийн банканд олгож шийдвэрлэсэн нь хэвээр үлдэж, олон жил шүүхээр явсан хэрэг эцэслэгдлээ.