Х.Мирамгүл:  Гагнуур хийх нь төмрөөр урлаж оёж байна л гэсэн үг
Эрчүүдийн гэгдэх мэргэжлийг сонгож, халуунд халж, хүйтэнд хөрж яваа цөөхөн бүсгүйчүүдийн нэг бол гагнуурчин Х.Мирамгүл. Тэрээр хар бор ажил гэж бусдын голж байсныг үл тооно өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тууштай зүтгэсэн учраас мэргэжлээрээ бахархан ярихдаа цаанаа л нэг хүчтэй санагдана. Яг л гагнуураас цацрах оч мэт.... 

“МСҮТ-д сурлаа гээд би муу хүн болоогүй бусдын адил сайхан амьдарч байна. Анх намайг энэ мэргэжлийг сонгох үед гагнуурийн ангийг охидууд сонгодоггүй байсан юм. Би гагнуурчны мэргэжил сонгосондоо хэзээ ч сэтгэл дундуур байгаагүй” гэж гагнуурчин бүсгүй Х.Мирамгүл хэлэв.

 Тэрээр 17-хон насандаа 500 гаруй эрчүүдтэй мөр зэрэгцэн “Миний мэргэжил гагнуурчин” олон улсын уралдаанд ганц бүсгүй нь болж оролцож, гуравдугаар байрт шалгарч байсан аж. Жавар тачигнасан хүйтэн өвөл ч, зулай төөнөх халуун зунаар ч гагнуур хийнэ гэдэг тийм ч амаргүй байж таарна. “Эмэгтэй хүнд ахадсан, хүнд мэргэжил биш үү” гэхэд харин ч “Үгүй, би огтхон ч тэгж боддогүй” хэмээн зөөлөн инээмсэглэх Х.Мирамгүл одоо төрөлх сургуульдаа ажиллаж, сурч мэдсэнээ 500 гаруй оюутан залууст зориулж байна.  

Энгийн даруу, зөөлөн төрхтэй энэ бүсгүйг гагнуур хийдэг гэж гаднаас нь хараад дүгнэхээргүй боловч ажлаа хийж байхдаа түүний нүд яг л гагнуурын оч шигээ гялалзаж, мэргэжилдээ аргагүй л дуртай харагдана.

Тэрээр “Гагнуураар юм хийх нь төмрөөр юм урлаж оёж байна л гэсэн үг” гэж мэргэжлээрээ бахархана.

Х.Мирамгүл анх 14 насандаа гагнуур хийж үзээд, хурдхан л дараагийн дадлага хичээл ороосой гэж тэсч ядан хүлээснээ дурсан ярив. Ойр дотны хүмүүс нь хар бор ажил гэж голж, эмэгтэйчүүдэд ийм мэргэжил тохирохгүй, хэрэггүй гэж зааж, зөвлөдөг байсан гэнэ. Гэхдээ тэр өөрийн зүрх сэтгэл, сонирхлоо даган гагнуурчин мэргэжлийг сонгосон нь буруу байгаагүй гэдгийг өнөөдрөөрөө нотлон харуулж байна. 

Тэрээр “Надад энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн хүн бол миний аав. Аав маань их төлөв даруу, гарын ур дүйтэй хүн байсан юм. Харин миний өдий зэрэгтээ яваа минь авга эгчтэй минь салшгүй холбоотой” гэв. Учир нь 2004 онд амьдралын эрхэнд тэднийх гэр бүлээрээ Казахстан улс руу нүүх үед Х.Мирамгүл охин аавынхаа эгчийн гараас атган үлджээ. Хатуу, зарчимч авга эгч нь түүнийг тууштай, тэсвэр хатуужилтай хүн болгон хүмүүжүүлсэн учир эрчүүд л ажилладаг энэ салбарт 24-хөн настай бүсгүй хүн амжилт өөд цойлон, эрдмийг түгээгч багш болон ажиллаж байна.

Х.Мирамгүл хүнд хортой мэргэжилд тооцогддог гагнуурчнаар ажиллахдаа өөрийн биеэр хэцүү хүндийг мэдрэх сорилтыг давжээ. Тэрээр хэлэхдээ "Анх гагнуур хийж үзсний дараа нүд маань байж ядтал их өвдсөн. Гэхдээ мэргэжлээсээ болих тухай бодол огт төрж байгаагүй. Түүнээс хойш хамгаалалтын шилээ байнга зүүж, аюулгүй байдалдаа маш сайн анхаарах ёстой юм байна гэдгийг мэдсэн.

Анх гагнуур хийж үзсний дараа нүд маань байж ядтал их өвдсөн.

Ер нь гагнуурчин хүн гэлтгүй хүн аливаа ажлыг хийхэд өөрийн аюулгүй байдалд маш сайн анхаарах хэрэгтэй байдаг. Үйлдвэр, уурхайд гарч байгаа ослын дийлэнхи нь хөдөлмөрийн аюулгүй байдлаа сахин биелүүлээгүйгээс болсон байдаг” гэв. Хэрэв энэхүү сахилга батыг сахиж чадахгүй бол нүд улайж хөндүүрлэх, үс туг тугаараа унах, гар хуруу түлэгдэх гээд алхам тутамдаа эрсдэл үүсч мэдэх аюултай аж.

Би өөрийн гэсэн бүтээлийн патентын эрхтэй болно


“Атомын цахилгаан станцад ажиллаж буй дэлхийн шилдэг гагнуурчид эмэгтэйчүүд байдаг гэж сонсож байсан.  Ер нь гагнуурчин хүнд гарын ур дүй, техник сэтгэлгээ маш чухал байдаг. Миний анзаарснаар эмэгтэй гагнуурчид маань илүү ур дүйтэй, чамин гагнадаг. Нэг ёсондоо төмрөөр юм оёж урлаж байна гэсэн үг шүү дээ.

Гагнуурчин хүн ажилдаа сэтгэлээ зориулж хийж байгаа эсэхээс маш олон зүйл хамаардаг. Дулааны шугам хоолой, пийшин, яндан, машины эд анги гээд бидний хэрэглэж байгаа бүхий л зүйлүүдэд гагнуур ордог. Гагнуурчин хүн маш их хариуцлагатай ажилллах шаардлагатай.  Дулааны цахилгаан станцын шугам хоолойг жижигхэн газар нь алдаж буруу гагнахад л улс даяар ус дулаангүй болох, олон мянган айл өвлийн хүйтэнд хөлдөх, цаашлаад станц зогсох эрсдэл ч учирч мэднэ. Тийм учраас гагнаас бүрээ оёдол шиг нямбай, чин сэтгэлээсээ хийх нь чухал байдаг юм” гэж инээмсэглэн ярив. 

Х.Мирамгүлийн дотроо тээж, мөрөөдөж явдаг зүйл бол өөрийн гэсэн бүтээлийн патентын эрхтэй болох юм. Тэрээр энэ мөрөөдлөө биелүүлэхийн төлөө нэгэн бүтээлийг эхлүүлээд байгаагаа бидэнд ярьсан юм. Харин одоохондоо түүнийгээ нууцлах хүсэлтэй байгаа аж. Ямартай ч түүний бүтээлийг төрсний дараа бид дахин уулзах байх гэсэн ерөөлийг тавив. 

МСҮТ-д муу сурлагатай хүүхдүүд сурдаг гэсэн хандлагыг хаях цаг болсон

Уул уурхай, Эрчим хүч, Үйлдвэрийн салбарт ажилладаг нийт ажилтнуудын арав хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч энэ салбарт эрчүүдээс огтхон ч дутахгүй ажиллаж чадна гэдгийг батлан харуулж буй цөөнгүй бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл болох Х.Мирамгүл. 

Тэрээр Эрэгтэй, эмэгтэй хүний мэргэжил ялгаатай байдаггүй. Хүн өөрөө л хичээж, мэргэжилдээ дурлаж чадах юм бол залуучууд бидэнд боломж зөндөө байгаа гэж боддог. МСҮТ гэхээр муу сурлагатай хүүхдүүд сурдаг гэх энэ хандлагыг авч хаяж,  мэргэжлийн ур чадвар олгодог чухал салбаруудын нэг гэдгийг нийгэмд ойлгуулах хэрэгтэй. МСҮТ-д сурлаа гээд би муу хүн болоогүй бусдын адил сайхан амьдарч байна” хэмээгээд энэ тал дээр хүмүүсийн хандлагыг өөрчлөхийг хүсч явдагаа тэрээр хэлж байв.

Түүнээс улс төрчдөд хандаж юу гэж хэлмээр байна гэж асуухад “Нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хөдөлмөрийн зах зээлд дутагдалтай байгаа дээрх мэргэжлээр сурч буй залуучуудаа дэмжиж, ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх мэргэжлийн боловсон хүчний тоог нэмэхэд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай байна” гэлээ. 

Их сургуулиа 21 настай төгссөн ч 30 хүртэлх насны ажил олоогүй залуус зөндөө л бий. Харин есдүгээр ангиа 14-тэй, мэргэжлийн үнэмлэх ажлын байраа 16 насандаа эзэмшсэн оюутнууд “Мэргэжил сургалт үйлдвэрлэл”-ийн төвд нэлээдгүй бий. Тэд бол Монголд төдийгүй Дэлхийн зах зээлд хамгийн эрэлттэй, нарийн ур чадвар шаардсан мэргэжлээр суралцагчид билээ.