Төв аймаг, Баянчандмань сум Чандмань баг зам тээврийн ноцтой осол болж, автомашины эд ангид хоёр хүн хавчуулагдсан байна. Ослын дуудлагыг өнөөдөр /2024.04.29/ өдрийн 04:44 цагт хүлээн авч, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очжээ. Иргэн Б-ийн "Хьюндай Маяти" загварын ачааны автомашины урдаас иргэн Э-ын “Ниссан Караван” загварын суудлын автомашин мөргөж суудлын автомашины жолооч Э /32 настай, эрэгтэй/ жолооны хүрдэнд, зорчигч Т /18 настай, эрэгтэй/ нь автомашины эд ангид тус тус хавчуулагдсан байсныг 20 минут ажиллаж гарган тус сумын Замын цагдаагийн зохицуулагчид хүлээлгэж өгчээ.
Мөн Баянхонгор аймаг, Өлзийт сум Бай-Ам багийн нутагт суудлын автомашинууд замын хажуу руу орж цасанд суусан тухай дуудлагыг өчигдөр /2024.04.28/ 06:30 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид очиж С-ын “Тоёота Альфард” загварын суудлын автомашин таван том хүн, хоёр хүүхдийг, “Тоёота Ланд-100” загварын автомашин долоон том хүнийг, Б-ын “Тоёота Приус-20”, М-ийн “Тоёота Приус-20” загварын автомашины 11 том хүн, нэг хүүхдийг цаснаас татан гаргасан байна.
Мөн нийслэлийн Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байдалтай байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.04.28/ 09:43 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н/56 настай, эмэгтэй/ нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг үйлдэл хийх гэж байсныг зогсоож, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэж өгсөн байна.