Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, М.Билэгт, Л.Энх-Амгалан тэргүүтэй 22 гишүүн ЖДҮ-чин мөн эсэхээ шалгуулна гэлээ

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, М.Билэгт тэргүүтэй зарим гишүүд ЖДҮХС-гийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. 

Тэд ЖДҮ-тэй холбоотой асуудал нийгмийн бухимдал болоод буйтай холбоотойгоор бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Сүүлийн үед ЖДҮ-тэй холбоотой асуудал нийгмийн бухимдал болоод байна. Энэ сангаар дамжиж ард иргэд ажилтай байх, өргөжүүлж хөгжүүлэх арга хэмжээг авсан. Гэсэн ч ЖДҮХС-д төсөвлөсөн зээлийг Засгийн газрын болон УИХ-ын нэр бүхий гишүүд, яам тамгын газрын удирдлагууд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө болон өөрт хамаарал бүхий хүмүүстээ авч өгсөн нь улстөрчийн хувьд ёс зүйгүй үйлдэл. 

Тиймээс нэр бүхий 20-иод гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна." гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Хэвлэлээр олон нэр явж байна. Яг хэн хэн шалгагдаж байгааг сайн мэдэхгүй байна.Бид зарчмын байр сууриа албан бичгээр илэрхийлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, ЖДҮ-ийн зээлийн асуудлаар шалгуулахад бэлэн байна гэдгээ илэрхийлж, энэхүү мэдэгдлээ Ёс зүйн хороонд хүргүүлнэ. 

Сүүлийн үед ЖДҮ-чин гишүүдийн асуудлыг бүдгэрүүлэх ажил, алхам хүчээ авч байна. Засгийн газрын ч тодорхой хэмжээний мөнгийг төсөвлөж байна гэх мэдээлэл байна. Ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцох шаардлагатай.  Тиймээс энэ асуудал чимээгүй болоод өнгөрчихвий, Монголын төрийг бүрдүүлж байгаа хүмүүс өөрсдөө ёс зүйг үлгэрлэж, шударга ёсыг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна гэлээ.