УУХҮЯ-аас “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсэний дагуу өчигдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан 2018 оны эхнээс эхлэн өсөж байсан боловч энэ оны 10 сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурсан. Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 60,22 ам.долларт хүрсэн юм.
Өнөөдөр өглөөний байдлаар Шунхлай, М-ойл, Сод-Монгол, МТ зэрэг газрууд өчигдөр оройноос өргөн хэрэглээний А-92 шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулж эхэлжээ. .
Салбар яамнаас цаашид шатахууны үнэ үе шаттайгаар бууруулахаа мэдэгдээд байгаа бөгөөд энэ сарын эцэс гэхэд 200 төгрөгөөр бууруулахаар тохиролцоонд хүрээд байгаа билээ.