Монгол ур чадварыг Дэлхийд хүргэх залуус өрсөлдөж байна

Монгол Улс Дэлхийн ур чадварын байгууллагад 2014 онд элссэн бөгөөд 2015 оноос  эхлэн Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож эхэлсэн билээ.  Үүнээс хойш мэргэжлийн боловсролын салбарын  сургалтын чанарыг дээшлүүлэх, бэлтгэн гаргаж буй мэргэжилтний үнэлэмжийг өсгөх зорилгоор жил бүр “Монгол ур чадвар” тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд шалгарсан оролцогчид Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог билээ.  

Энэ жил тус тэмцээнийг 8 мэргэжлээр зохион  байгуулж байгаа бөгөөд шилдэгээр шалгарсан оролцогчид 2019 оны 8-р сард ОХУ-ын Казан хотод зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох юм.

Бидний очиж танилцсан Техник Технологийн Политехник Коллежид мужааны мэргэжлийн тэмцээн явагдаж байсан юм.

Мужааны мэргэжлийн уралдааны хувьд 3 үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний шатанд хөдөө орон нутаг, сум, дүүргийн 19 сургуулийн 27 оролцогч  өрсөлдсөн байна.  Өнөөдрийн Үндэсний аварга шалгаруулах мужааны тэмцээнд Техник Технологийн Политехник Коллежийн суралцагч Н.Батбуян, А.Алтансүх нар шалгаран өрсөлдөж байна.

Бид тэмцээний үеэр  тэмцээний шүүгч, БНСУ-аас ирсэн World Skills Koreo холбооны ерөнхийлөгч Квон Хёг Юл-тай уулзаж тэмцээний талаар зарим зүйлийг тодруулсан юм


Тэрбээр Солонгос Улсын мэргэжлийн ур чадвартай тамирчдыг бэлтгэдэг World Skills Koreo-ын ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд 42 жилийн өмнө олон улсын мэргэжлийн  ур чадварын тэмцээнд улсаа төлөөлөн оролцож мөнгөн медалийг хүртэж байсан байна. Түүнээс хойш 30 гаруй жилийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, энэ чиглэлийн чадварлаг мэргэжилтэнг бэлтгэхэд зарцуулж байгаа нэгэн бөгөөд Дэлхийн ур чадварын тэмцээнд 7 дахь жилдээ шүүгчээр ажиллаж байгаа аж. Ингээд түүнтэй хэдэн хором ярилцсанаа хүргэе.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө өөрийгөө бидэнд танилцуулна уу?

-Намайг Квон Хёг Юл гэдэг. Миний хувьд Солонгос улсад 40 гаруй жил мужаан, дотоод заслын чиглэлээр ажиллаж байна.  2002 оноос хойш өөрийн мужааны үйлдвэрийг байгуулж, өөрийн шавь нэрийг дэлхийн хэмжээнд бэлтгэж тэдэнд зааж зөвлөж өдийг хүрсэн.

- Өнөөдрийн “Монгол ур чадвар” тэмцээний хэрхэн явагдаж байна вэ?

Монгол тамирчдын маань ур чадвар бол маш сайн байна. Гарын ур дүйтэй, өөрсдөө идэвхи санаачлагатай байгаа нь харагдаж байна.  Харин оролцогчдод маань шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутагдалтай байна.  Хэрэв мэргэжлийн тамирчдад шаардлагатай багаж , тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд бэлтгэж өгч чадах юм цаашдаа олон улсын чанартай тэмцээнд амжилт үзүүлэх маш их боломжтой гэж харж байна.  

Манай Солонгос улсын хувьд ч анх туршлагагүй, багаж, тоног төхөөрөмж хангалтгүй байдаг байсан. Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр тэдгээрээс суралцаж өдий зэрэгт хүрсэн байгаа. Монголын мэргэжил сургалт  үйлдвэрлэлийн төвүүдийг шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангагдах тал дээр нь миний бие Солонгост очихоороо холбооныхондоо уламжилж, энэ тал дээр дэмжинэ гэж бодож байгаа. Хэрвээ эдгээр залуучуудад ажиллах орчин, тоног төхөөрөмжийн нөөц бололцоо  хангалттай байх юм бол Монгол залуус  дэлхийд ур чадвараараа тэргүүлэх боломжтой гэж харж байна.

-  Оролцогчид ямар даалгавар гүйцэтгэж байгаа вэ. Даалгаварт тавигдах ерөнхий стандарт гэж бий юу?

- Өнөөдрийн даалгаврын тухайд 2D+, 3D хосолсон модон хийцийг 15 цагийн дотор гүйцэтгэхээр төлөвлөгдсөн байгаа.  Энд өгөгдсөн даалгавар нь олон улсын тэмцээнд өгөгддөг яг адилхан биш, арай өөр байна. Гэхдээ ур чадвар шаардагдах зүйл нь төстэй байгаа.

- Өнөөдрийн тэмцээнийг хэдэн шалгуураар шүүж байгаа вэ?

- Шүүгчдийн үнэлэх зарчмын хувьд ур чадварын тэмцээн учраас багаж тоног төхөөрөмжийн сонголт, материалтайгаа хэрхэн харьцаж байгаа эсэх, хэрхэн цэвэрхэн хийж байгаа гэх мэт мэргэжлийн ур чадварыг харж шүүж байгаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн даалгаврын дагуу бэлтгэл хийх бол бидэнд оноо өгөхөд хүртэл амархан болоод явчихна. Ерөнхийдөө олон улсын ур чадварын тэмцээнийг шүүдэг шүүлтийн дагуу шүүж байна.  Одоогоор миний бие хамт шүүж байгаа шүүгчиддээ мэдэх чадах зүйлээ хэлж өгч, зөвлөлдөж байна.

Тэмцээний дараагаар оролцогчдод анхаарах шаардлагатай зүйл юу байв, цаашид юунд анхаарах вэ гэх мэт зөвлөгөөг бол өгнө гэж бодож байна.