Цэцэрлэгийн багш нар

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.2 дахь заалтыг хэрэгжүүлэх үүднээс энэ онд нийслэлийн төрийн өмчит бүх ЕБС-ийн 1-5 дугаар ангийн багш нарыг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд хамруулсан. Энэхүү сургалтаар дамжуулж нийт 3100 багшийг “Амны хөндийн эрүүл мэнд” гарын авлагаар хангаж, ЕБС-ийн 2018-2019 оны сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийн сэдэв болгон багтаасан юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уг ажлыг өргөжүүлэн цэцэрлэгийн багш нарыг хамруулахаар зорьж, Нийслэлийн Засаг даргын А/1043 дугаар захирамжийн дагуу тус сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тухайлбал, энэ сарын 07-нд 13:00 цагт нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн урлагийн зааланд болох эхний сургалтанд Чингэлтэй дүүргийн төрийн өмчит бүх цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, дүүргийн болон өрхийн эмнэлгийн эмч, нийгмийн ажилтан, дүүргийн Засаг даргын тамгын газрын эрүүл мэнд, боловсрол хариуцсан мэргэжилтэн, хүүхэд, гэр бүл хөгжлийн мэргэжилтэн нарыг хамруулж, сургагч багш бэлтгэнэ.

Эдгээр сургагч багшаар дамжуулан цэцэрлэгийн багш нарт “Амны хөндийн эрүүл мэнд” сэдвээр мэдлэг олгож, хүүхэд багачууд төдийгүй тэдний эцэг эх, асран хамгаалагч нарын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Маргааш болох сургалтыг Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар нээх юм байна.

Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх насныхан болон ЕБС-ийн сурагчдын дунд шүдний цоорол өвчин эрс нэмэгдэх болсон. Шүдний цоорол нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнөөс гадна 200 гаруй төрлийн өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй, хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлийн дам шалтгаан болж байна.

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн 2017 онд хийсэн судалгаагаар, бага насны хүүхдийн 86 хувь нь шүд цоорох өвчин /ШЦӨ/-тэй байсан бол, 14 хувь нь эрүүл гэж гарчээ. Шүд цоорох өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2 хувь, сургуулийн насныханы дунд 86.1 хувьтай байсан аж.

Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт өндөр байгаа нь иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас шүдний өвчин үүсч хүндрэх, шүдгүйдэлд хүрэх, үүний улмаас зажлах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямрах төдийгүй нийгэмд харилцах өдөр тутмын идэвхи алдагдаж, амьдралын чанар буурахад хүргэж байна.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN