Нийслэлийн иргэдэд амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрүүлж, богино зайн аялал хийх боломжийг олгох зорилгоор таван жилийн өмнө тухайн үеийн ССАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа хамтран Богд хан уулын Төрхурах, Манзушир, Зайсан, Хүрхрээгийн аманд явган аяллын 5 чиглэл тогтоож, хаяг тэмдэглэгээ тавьж, амрах цэг, сүүдрэвч, цайлах ширээ сандал, бие засах газар, хогийн сав байрлуулсан билээ. Төрхурах – Цэцээ гүн, Манзушир – Цэцээ гүн, Зайсан – Дугуй цагаан – Баруун ширээт, Зайсан – Тэнгэр хад, Баянзүрхийн товчоо – Тэмээн хад гэсэн эдгээр таван чиглэлд явган алхахад 3.5 - 8.5 километр зам туулдаг байна.
Тэгвэл нийслэлийн хойд чиглэлд ийм алхалтын зам нээгдэж байгаа ажээ. Тодруулбал, Сэлбэ голын эх дэх Цохиот хад чиглэлийн алхалтын замыг өчигдөр нээжээ. Уг алхалтын зам нээгдсэнээр улсын хэмжээнд буй 1300 гаруй орон нутгийн хамгаалалттай газруудыг өөрчлөх эхлэл, зөв дууриал болоосой гэж хүсэж байгаагаа санаачлагчид нь онцолжээ. Анхны хамтарсан менежменттэй, улсын төсвөөс хөрөнгө гаргалгүй хэрэгжүүлж буй уг төслийн хөгжүүлэлт нь ирэх 2019 он дуустал үргэлжлэх юм байна. Энэхүү алхалтын замын тохижилтын зардлыг MSM групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүрэн хариуцсан бол Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос 2 удаа Канад, АНУ-аас ландшафтын болон парк менежментийн зөвлөх авчирч тайлбар, танилцуулга чиглэл тогтоох зөвлөгөө, байгаль хамгаалагчдын сургалтыг зохион байгуулжээ.