АТГ-т боловсролын салбартай холбоотой 100 гаруй гомдол ирсний 10 гаруй нь сургуулийн захирлуудтай холбоотой

Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар төрийн болон төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн төлөөлөл өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээр боловсролын салбар дахь авлигын нөхцөл байдал, үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх талын оролцоотойгоор хангах, гарц гаргалгааны талаар албаныхан ярилцаж байна.  

2018 онд боловсролын салбарт хийсэн шалгалтаар авлигын түвшин 67 хувьтай гарчээ.  

Боловсролын салбар дахь авлига нь

  • Оюутны дүн засах
  • Хууль бус төлбөр хурааж авах
  • Цэцэрлэгт хүүхэд элсүүлэх
  • Ажлын байранд зуучлах
  • Хуурамч тендер зохион байгуулах зэргээр илэрдэг байна. 

Хэлэлцүүлгийн үеэр  “Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааны онцлох үр дүнгээс танилцуулсан юм.  Тус судалгааг Монгол дахь Хүүхдийг ивээх сан, Өсвөр үеийнхний дуу хоолой бүлгийн хүүхэд, залуус болон Транспаренси Интернэйшнл байгууллагатай хамтран 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн байна.

10 хүүхэд тутмын хоёр нь дүүг нь цэцэрлэгт оруулахын тулд эцэг, эх нь авлига өгсөн гэжээ

Судалгаанаас анхаарал татсан зарим үзүүлэлтүүдийг ОНЦЛОН хүргэе. 

  • Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 72.1 хувь нь  шударга байх нь баян байхаас чухал боловч үргэлж шударга байх боломжгүй гэж  үзсэн байна. Мөн худал хэлдэг, хууран мэхэлдэг, хууль зөрчдөг, хээл хахуулийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бусдаас илүү амжилттай явах талтай байдаг гэж хүүхдүүдийн 43% нь үзжээ.
  • Хэн нэгэн ажил, сургуульд шалгалтгүйгээр оруулна гэвэл хүүхдүүдийн 50.2 % нь "Зөвшөөрнө" гэжээ.  Түүнчлэн судалгаанд оролцсон 10 хүүхэд тутмын хоёр нь дүүг нь цэцэрлэгт оруулахын тулд эцэг, эх нь авлига өгсөн гэжээ. 
  • 5 болон 9-р анги төгсөхөд анги төгсгөлөө гэж хүүхдүүдийн 44.7% нь багш, эсвэл сургалтын менежерт бэлэг, эсвэл мөнгө өгч байсан байна.
  • Багш нар хичээлд хамаарахгүй ном, захиалгын сонин, сэтгүүл, тасалбар болон бусад эд зүйлс авахыг санал болгодог хэвээр бөгөөд хэрэгцээгүй зүйл хүчээр худалдан авах нь олон хүүхдэд дарамт учруулдаг байна.

Мөн хүүхдүүдийн 69.5% нь өнгөрсөн улиралд бусдад дээрэлхүүлж, доромжлуулсан гэсэн хариултыг өгсөн бөгөөд эдгээрийг задлаад үзэхэд 15% нь багшид, 5.6% нь сургуулийн ажилтанд дээрэлхүүлж, доромжлуулснаа илэрхийлсэн байна.  

Хүүхдүүд өөрт тохиолдсон эсвэл ямар нэг шударга бус үйлдэлтэй тэмцэх сэтгэл байвч  мэдээлэгчийг хамгаалдаггүй тул мэдээлснээр өөрт нь ирэх дарамтаас шалтгаалж хэрхэн мэдээлэхээ мэддэггүй гэсэн байна.

Хүүхдүүдийн 18.3% нь "Мэдээллээ гээд ямар ч нэмэргүй", 9.9% нь "Намайг хамгаалахгүй учраас би мэдээлэхээс айж байна", 14% нь "Хаашаа, хэрхэн мэдээлэхээ мэдэхгүй байна"  гэж хариулсныг судалгааны багийнхан ОНЦОЛЖ байлаа. 

Сургуулийн захирлууд авлига авсан 10 гаруй хэрэг АТГ-т шалгагдаж байна

2018 онд АТГ-т Боловсролын салбартай холбоотой 100 гаруй өргөдөл, гомдол ирсний 10 гаруй нь сургуулийн захирлууд авлига авсан хэрэг байсан байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  2018 онд авлига, албан тушаалын шинжтэй есөн хэргийг АТГ-т шилжүүлсэн гэнэ. Хяналт шалгалтын явцад илэрч буй зөрчлүүдийн ихэнх нь гүнзгийрүүлсэн сургалт нэрийн дор эцэг, эхчүүдээс хууль бусаар төлбөр хураамж авах, хүүхдээс анги танхимын засвар, ангид шинэ бараа худалдаж авах гэх зэргээр мөнгө хураадаг зөрчлүүд багагүй илэрдэг байна. 

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш" Бид тухайн зөрчил гаргасан сургуулийн захирал, эрхлэгч нарыг ажлаас нь чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авахыг тухайн эрх бүхий байгууллагуудад нь санал болгож ажилладаг" гэлээ. 

.