Казаньд өрсөлдөх Үндэсний ялагч “Монгол ур чадвар”-аас тодорно

Мэргэжилтэй ажилчдын дунд “Дэлхийн олимп” гэгддэг 90 жилийн түүхтэй Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол залуус гуравдах удаагаа оролцох гэж байна. Тус тэмцээн нь мэдлэг, мэргэжилтэй, ур чадвартай залуусын өр­­сөлддөг дэлхийн хэм­жээний хамгийн том “тулаан” гэж юм.

 Манай улсын хувьд 2015 онд анх Бразилд очиж оролцож эхэлсэн бол 2017 онд АНЭУ-ын Абу Даби хотноо болсон “Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн"-д 77 орны 1300 оролцогчтой өрсөлдөж гагнуурын төрлөөр шилдэг байранд шалгарч байсан билээ.

Дэлхийн ур чадварын 45 дах удаагийн тэмцээн ирэх онд ОХУ-ын Казань хотод болно. Монгол улсаа төлөөлж “World skills Kazan 2019”-д оролцохоор сүүлийн шатанд шалгарсан залуусаас 12-р сарын 06-ны өдөр Үндэсний ялагчаа тодруулах гэж байна. 

Тэмцээн 2018.12.06-ний 08:00-18:00 цагийн хооронд  Барилгын Политехник коллеж болон Эрчим хүчний хөгжлийн төвийн харъяа МСҮТ, Техник, технологийн политехник коллежид мэргэжлийн төрлүүдийн  дагуу явагдана.