Франц улсад шатахууны татварыг өсгөхтэй холбоотойгоор иргэдийн бослого тэмцэл, эмх замбараагүй байдал үүсээд гурван долоо хоног болж байна.
Тэгвэл өчигдөр Францын ерөнхий сайд Эдуард Филипп шатахууны татварыг өсгөх төлөвлөгөөгөө зургаан сарын хугацаатай хойшлуулж байгаагаа зарлалаа. Ингэснээр иргэдийн бослого тэмцэл, эмх замбараагүй байдал намжих нөхцөл бүрдэж байна.
Эдуард Филипп телевизийн сувгаар иргэдэд хандаж үг хэлэхдээ “Ямар ч татвар ард түмний нэгдмэл байдалд заналхийлэх ёсгүй” гээд хүчирхийллийг зогсоохыг уриалсан байна. Буулт хийж байгаагаа мэдэгдэхийн хажуугаар ерөнхий сайд хүчирхийлэл үйлдэж, эмх замбараагүй байдал үүсгэсэн этгээдүүдэд хариуцлага тооцохоо амлалаа.
Мөн тэрээр ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 хувиар өсгөж, иргэдийн амьжиргааны стандартыг сайжруулахад засгийн газар анхаарах гэж байгааг танилцуулжээ. Мөн Францын засгийн газар иргэдтэйгээ зөвшилцөлд хүрэхгүйгээр шатахууны татварыг нэмэхгүй гэдгээ амласан байна.
Шатахууны татварыг нэмэх шийдвэртэй холбоотойгоор иргэд арваннэгдүгээр сарын дундаас эхлэн “шар хантааз”-аар ижилсэн засгийн газрын эсрэг тэмцэж эхэлсэн юм.
Тэмцэл нийслэл Парис болон Францын бусад том хотуудыг хамарсан. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тэмцэгчдийн шаардлагыг хүлээж авах боломжгүйгээ удаа дараа илэрхийлж байсан боловч засгийн газар нь ийнхүү буулт хийж байна.
OpinionWay санал асуулгын дүнгээс үзвэл судалгаанд оролцсон Францын 1,000 гаруй иргэдийн 66 хувь нь тэмцлийг дэмжиж байжээ.
Эх сурвалж: Russia Today