Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд даргаа танд Монгол Улсын парламентыг удирдах эрх байхгүй

УИХ-ын  үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Чи яахав, би ч яахав гэдэг шиг юм болоод байна. Бид эзэн Чингис хаанаар бахархаад л байдаг. Чингис хаан дэлхийг эзлэхдээ уучилж, бас хариуцлага тооцож манлайлсан. Шударга ёс, хариуцлага гээд яриад л байна. Дайснаа хүртэл өршөөж болж байхад намын дарга өөрт нь үг хэлэхээр л өрвөлзөөд байх юм. Би чуулганд орж ирээд Ерөнхий сайдын "Ард түмэнтэйгээ босно, шүдгүй арслан" энэ тэр гээд яриад байхаар үүнээс илүү ямар эрх мэдэл, юу хүсээд байгааг нь ойлгохгүй байна. 

Намд зааг ялгаа гараад байна. Уг нь эвлэлдэн нийлүүлэх ёстой. Үүн дээр бодож, ухаараач ээ гэж янз янзаар хэлэх гэж оролдоод байна. 60 тэрбумын асуудал болон Ерөнхий сайдын хэрэгт аль алинд нь хариуцлага тооцмоор байгаа юм. Хүрэлсүх сайд үлдэж болно. Үлдэхгүй байж болно. Ер нь заналхийлэлгүйгээр хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэх ёстой. Ерөнхий сайд хуртээмжийн талаар биш, "шударга үнэн, цавчаад өгнө, шаагаад өгнө" гээд байх юм. Буруу зөрүү байсан ч гэсэн ална, хядна, цэвэрлэнэ гээд байх юм" 

УИХ-ын гишүүн  Д.Оюунхорол: Би өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг хараад эмгэнэж байна. Ичиж байна. Ерөнхий сайд өөрийг нь огцруулахаар оруулж ирсэн 27 гишүүнийг муухай, баба гээд байгаа. Энэ хүмүүсийг олигархи, бизнесс хийдэг хүмүүсийг болохгүй бүтэхгүй мэтээр харлуулж байгаа ичиж байна. Таны Засгийн газрын үед шударга ёсны хонгил чинь биежиж, зузаарч байгааг ухаараач ээ.  Их цэвэрлэгээ хийнэ гээд бизнес эрхлэгчид рүү дайрч байгааг гайхаж байна. Ерөнхий сайд та хувийн хэвшлийн эрхийг хуулиас унших хэрэгтэй. Томоохон ААН-үүдээ олигарх гэж цоллохоо боль. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр Монгол төрийн систем хууль хяналтын байгууллага Ц.Элбэгдоржийн үүсгэсэн, Бадамжунай, М.Энхболд нарын оролцоотой бүлэглэлийн гарт байгааг бүгд мэднэ. МАНАН-гийн бүлэглэлийн сүүлчийн бүлэглэл бол М.Энхболд.

Өнөөдөр Монгол төрийг бүлэглэл удирдаж байна. Уг нь эхлээд намын УЗ дээр УИХ-ын даргыг огцруулах асуудал яригдсан. Гэтэл дэвэргээд өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байна. Өнөөдөр асуудал яаж ч шийдэгдсэн бай УИХ-ын дарга та өргөдлөө өгөөрэй.

М.Энхболд даргаа танд Монгол Улсын парламентыг удирдах эрх байхгүй. Та өргөдлөө өг" гэлээ.