У.Хүрэлсүх:  Улс төр гэх хийрхлээс болж Засгийн газрын ажил  зогсоод байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд оролцож, гишүүдийн асуултад хариулж байна.

Асуулт хариулт болон гишүүдийн хэлсэн үгээс  хүргэж байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг" Хэн  нь илүү их идэж уусан зэргээр нь нэгнээ маш их гөвлөө. Бид энд бие биенийгээ гөвж байх хооронд улс оронд маань асуудлууд нэмэгдсээр байна. Тийм учраас шууд Ерөнхий сайдаас асууя. Бид нефтийн үйлдвэртэй болох юмсан гэж олон жил ярьсан, үмхий үнэрээсээ салах юмсан гэж мөн олон жил ярьсан. Тэгээд энэ ажил эхлэхээр УИХ Засгийн газрынхаа ажлыг хийлгэхгүй байх юм. Ямар учиртай юм бэ? Нефтийн үйлдвэрийн ажил хэдэн хувьтай байгаа вэ?, ирэх зун гэхэд бид үмхий үнэрээсээ салж чадах уу асуумаар байна? 

Одоо бүгдээрээ ажил ярих хэрэгтэй Үнэнийг хэлэхэд би УИХ-д орж ирэхдээ ажил хийх гэж орж ирсэн. Ард түмэн рүүгээ хандсан ажил хийе бүгдээрээ. Туул голыг хамгаалах гэж сүүлийн нэг жил нэлээн явлаа. Утаа бууруулах тал дээр энэ жил уг нь дорвитой ажил хийнэ гээд Засгийн газар ярьж байсан. Гэтэл одоо төр засгийн байдал ийм байна.

Хэрэлдсээр байтал энэ улс орон чинь цөхөрлөө. Одоо ажлаа хийцгээе. Засгийн газраа тогтвортой байлгая гэж хэлмээр байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бүх асуудлыг улс төржүүлж байтал цаг агаар хүйтэрч, малчдын нөхцөл байдал хэцүүдлээ.  Засгийн газар 14 хоног ажлаа явуулж чадсангүй. Одоо ажлаа эхлүүлмээр байна. 

Манай Засгийн газар 3 зүйл дээр анхаарч байгаа. Нэгдүгээрт, ард түмнээ эрүүл хүнсээр хангах. Хоёрдугаарт, эрчим хүчээр хангах. Цахилгаан станцуудаа хурдан барьж байгуулмаар байна. Энэ ажлууд бүгд явж байгаа. Харамсалтай нь, энэ улстөр гэх хийрхлээс болж Засгийн газрын ажил зогсоод байна.

Гуравдугаарт бид нефтийн үйлдвэр барих асуудлыг хамгийн их чухалчилж байгаа. Нефтийн үйлдвэрийг бариулахгүй байгаасай гэсэн хүсэлтэй хүмүүс их байдаг. Бид дотоодын жилдээ 1.5 сая нефть үйлдвэрлэж, 40,000 тонн онгоцны бензин үйлдвэрлэнэ. Ингэж чадвал бид доллараар биш монгол төгрөгөөг шатахуунаа худалдаж авна.

Энэ бол Монгол Улсад авчрах хамгийн том дэвшил. 

Төв цэвэрлэх байгууламжийн асуудалд мөн Засгийн газар маш их анхаарч байгаа. Гэтэл энэ ажил зогсох эрсдэлтэй байна" гэлээ. 

Ингээд 13 цаг болсон тул чуулган завсарлалаа.  Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлнэ.