Энэ сарын 24-25-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгаар хүчтэй шуурч, таван аймгийн 52 сум тог цахилгаангүй болсон. Тэгвэл өнгөрсөн шөнө Баруун бүсийн эрчим хүчний систем Сагил агаарын шугамын тулгуурд дамжуулагч утас татаж дуусгажээ. Ингэснээр эрчим хүч дамжуулах шугам бүрэн сэргэж Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн бүх сум Говь-Алтай аймгийн таван сумын эрчим хүчний хэрэглээ хэвийн горимд орлоо.
Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ББЭХС” ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг Улаангом-Өмнөговийн 110 кВ-н шугамд есөн тулгуур унасныг сэргээн засварлах ажил арваннэгдүгээр сарын 26-нд дууссан. ОХУ-аас Улаангом хүртэлх 220 кВ-н цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн босгох ажил 27-ноос 28-ны өдрүүдэд хийгджээ.