БСШУСЯ-ны санаачилгаар Японы Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр алслагдсан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрыг бүрэн шинэчлэн засварлах төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Увс, Завхан, Говь-Алтай аймагт нийт 12 дотуур байр засварлахаас өнөөдрийн байдлаар Завхан аймагт 3, Увс аймагт 3, Говь-Алтай аймагт нэг дотуур байрны засвар бүрэн дуусч хүүхдүүдээ хүлээж аваад байна. Харин үлдсэн таван дотуур байр энэ оны арван хоёрдугаар сарын 15 гэхэд бүрэн дуусна хэмээн төсөл хэрэгжүүлэгчид мэдээллээ.
Сумдын дотуур байрыг засварласнаар хүүхдүүд халаалт, халуун хүйтэн ус, цэвэр бохирын асуудлыг бүрэн шийдсэн тохилог орчин нөхцөлд амьдрах боломжтой болно. Түүнээс гадна дотуур байруудад Хүүхэд хөгжлийн танхим тохижуулан номын сан, компьютер интернет суурилуулж сурах орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Мөн хүүхдүүдтэй ажиллах дотуур байрны багш, тогооч нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулжээ.