МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзэн, УИХ дахь МАН-ын бүлэгт чиглэл өгөх тогтоол гаргалаа.
УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж, УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй тул түр хойшлуулж, өнөөдрийн /2018.11.27/ байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр товлосон юм.
Харин байнгын хорооны хуралдааны өмнө эрх баригч намын Удирдах зөвлөл хуралдаж, "МАН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц Нефть боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, 10 аймгийн цахилгаан станц, Тавантолгой төсөл зэрэг үр дүнтэй, амжилттай зохион байгуулж байгаа том төслүүдийг үргэлжлүүлж, мөн 2020 оны УИХ-ын ээлжит сонгууль ойртож байгаатай холбогдуулан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой" гэж шийдвэрлэжээ. Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд чиглэл болгосон байна.
Мөн Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй намын гишүүдэд МАН-ын дүрмийн дагуу улс төрийн хариуцлага хүлээлгэн ажиллахыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарт даалгажээ.