Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Арваннэгдүгээр сарын 22-нд Хангайн уулархаг нутгаар, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.
Ихэнх хугацаанд бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн.
Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан.
Бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Арваннэгдүгээр сарын 25-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
ӨЧИГДӨР АЛТАЙН ӨВӨР ГОВЬ БОЛОН ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР +9...+14 ГРАДУС БАЙВ
Өнгөрсөн хоногт /2018.11.19/ Увсын Улаангом, Ховдын Чандмань, Говь-Алтайн Халиун, Цогт, Тонхил, Баян-Уул, Завханы Тосонцэнгэл, Баянхайрхан, Сонгинод 0.0-0.7 мм бага зэргийн цас орсон. Бусад газраар цас ороогүй. Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх нутаг, Ховд, Архангай, Сэлэнгийн зүүн хэсэг, Говь-алтай, Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын хойд болон зүүн өмнөд хэсгээр 0-16 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Цасан бүрхүүлийн хамгийн зузаан нь Хөвсгөлийн Хатгалд 16 см, Увсын Хяргасд 15см, Малчин 14см, Түргэн 12 см, Баруунтуруун 11 см, Зүүнговь 10 см, Хөвсгөлийн Улаан-Уулд 13 см, Булганы Тэшиг, Завханы Улиастайд 10 см цастай байна.
Өчигдөр өдөр Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -15...-19 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус.
Бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байсан бол шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, голын хөндийгөөр -25...-34 градус, Алтайн өвөр говиор -8...-11 градус, бусад нутгаар -15..-24 градус хүйтэн хоносон байна.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн зарим газраар секундэд 8-14 метр хүрч шороон шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -21...-23 градус хүйтэн хоножээ.